Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд АН-ын дарга “Улаанбаатарын утаа” гэсэн цор ганцхан зэр зэвсгээ алдчихлаа. Ингээд өдрөөс өдөрт цэргүүдээ алдаж байгаа АН-ын дарга цэрэг ч үгүй, зэр зэвсэг ч үгүй фронтын талбарт орь ганцаар үлдсэн ямар нэгэн гунигт тулааны түүхийг санагдуулна.
Улс төрийн намууд нийгэмд байгаа хамгийн том сөрөг үзэгдлээр зэвсэглэн сонгуульддаг жамтай. Энэ бол бичигдээгүй хууль. Тэр тусмаа сөрөг хүчний хийх ёстой гол ажил. Тиймдээ ч АН айсуй 2020 оны сонгуульд “Улаанбаатарын утаа” гэсэн “их буу” бэлдэж, “сум”-аа нөөцөлсөн нь ийнхүү талаар болов. Тэдний хувьд хүйтний эрч чангарахаар утаа ихэснэ, энэ бүхэн бидэнд эерэг нөлөөлөл авчирна хэмээн баримт мэдээлэл цуглуулж байсан бололтой. Гэтэл хүйтний эрч чангарсан ч утаа нэмэгдсэнгүй. Хамгийн гол нь МАН-ын тал фронтоос “амьд хэл” олзолж, “дайн”-д ямар зэвсэг бэлдэж, юу нөөцөлсөн тухай улайлгачихсан байж мэдэх юм. Эсвэл фронтоос дайжигсад мэдээлэл алдсан байж болно. Ямартай ч ийм мэдээлэл тэнүүчлэх болов.
Үнэн ч бай худал ч бай сонгуулиас сонгуульд нэгнээ буруушаадаг гол зэвсэг нь утаа байсаар ирсэн учраас булзах газаргүй. Тиймээс утаа хэмээх “их буу”-гаа алдсан сөрөг хүчинд өөр “зэвсэг” юусан билээ гэхээр санаанд юу ч үл торно. Эдийн засгийн байдал, цалин тэтгэвэр, нийгмийн ахуй хангамж, эрүүл мэнд гэхээр зөвхөн “сургуулийн сумтай гар буу” төдий зүйл харагдана. Учир нь АН 2012 онд эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй улс орныг хүлээж авсан. Дөрвөн жилийн дараа буюу 2016 онд МАН-д засаг шилжүүлэхдээ 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг хоёр хувьд уруудуулж өгсөн. Гэтэл өнөөдөр эдийн засгийн өсөлт долоо гаруй хувьд өндийжээ. Тэгэхээр эдийн засгийн тал дээр нүдээ анихаас өөр аргагүй. Уг нь тэд эдийн засгийн салбарыг “Сөнөөгч онгоц” хэмээн бодож байсан ч цаадуул нь агаараас довтлох ямар ч боломж олгосонгүй. Олон улсын валютын сантай хамтарч уул уурхайгаар дэмжүүлж байгаад агаарын довтолгооноос сайтар хамгаалчихлаа, МАН-ынхан.
Олон зүйл дурдаад яахав, хамгийн энгийн жишээ дурдахад малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрсэн малчныг тэтгэвэрт гаргах хууль баталсан. Бүр дагалдах нөхцлийг нь ч гаргаад өгчихсөн. Тухайлбал, нийгмийн даатгалаа төлж байгаагүй малчдыг нэг удаа шимтгэлээ нөхөн төлөөд тэтгэвэртээ гарах боломжийг хуулиар олгосон. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж, эхний ээлжинд 11 мянган малчин тэтгэвэр тогтоолгох тооцоог ч гаргаж. Мөн олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 267 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол 317 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болгожээ. Үүнээс гадна цалинг бага ч атугай шатлалтайгаар нэмж байна, салбарын сайдын хэлж байгаагаар 2020 он гарахаар ахин нэмэх аж.
Эндээс харахад цалин тэтгэврийн тал дээр “зэвсэглэх” ямар ч боломж алга. Сөрөг хүчний хувьд эдийн засаг гэх “Сөнөөгч онгоц”-той, “Улаанбаатарын утаа” гэх “их буутай”, цалин хэмээх “винтов”, тэтгэвэр гэх “гранат” бэлдсэн нь ийнхүү талаар боллоо. Фронтын байдал сайнгүй, ялагдал алхам алхамаар дөхөж байгаа хүнд үед АН-ын цэргүүд галын шугамыг орхин явсаар байна. Анги нэгтгэл захирч болохуйц “хурандаа” Л.Болд, Ж.Батзандан нар жанжнаа үл зөвшөөрөн фронтоос явж, дундын байрлалд өөр анги нэгтгэл байгуулав. Тэдний хувьд зэр зэвсэг, эр цэрэг олонтой МАН-ын галыг дэмжихдээ дэмжиж, эргээд АН-руугаа гал нээсэн байдалтай байна. Ингээд зогсохгүй цолоо хусуулсан ч “генерал” хэмээн гөрдөх Н.Алтанхуяг аль ашигтай нөхцөлд дивиз командлах мөрөөдөлтэй, С.Эрдэнийн толгой дээгүүр үе үе хий сум тавьж сууна. Нөгөө талаас Улсын баатар Э.Бат-Үүл хаа нэг орчин цагийн баатрын дүрээр ил гал нээх аж. Далдаас гал нээж байгаа “Нэр нь тодроогүй баатрууд” ч олон байгаа гээд фронтын байдал ёстой л ороо бусгаа.
Дээрх эрхмүүд дайны олзоо ч хувааж чадахгүй жанжнаар яахав гэж бодсон бололтой. Магадгүй ийм жанжинтай айсуй 2020 оны “дайн”-д оролцвол амь эрсдэх аюултайгаас гадна тугаа бөхийлгөн дивизээрээ бууж өгч магадгүй гэж үзсэн биз. Үүнээс гадна орон нутагт үүрийн дарга буюу салаа захирч байгаа бага тушаалын “офицерууд” ч нүүр буруулж, пулемётны амыг цээжээрээ хаачих олон Матрасов фронтын галыг орхилоо. Ингэхээр энэ АН-д, С.Эрдэнэд ямар зэр зэвсэг, хэдэн цэрэг үлдэв ээ.
Мэдээжийн хэрэг амьдрал баян учраас сөрөг хүчин ямар нэгэн зүйлээр зэвсэглэх арга зам хайж л байгаа. Тэр тусмаа нийгмийн чиглэлд асуудал олон бий. Тэгэхээр эрүүл мэндийн чиглэлд яах аргагүй зэвсэг хайна. Хамгийн наад талаас нь бодоход төрөөс 50 тэрбум төгрөг гаргаад хүүхдийн шүдийг эмчлэх ажил явж байна. Хүүхдийн шүд эмчлэх нь буруу гээд дайралтай биш, бас л арга мухардана. Том агуулгаар нь аваад үзэхээр “Эрүүл мэндийн тухай хууль”-д өөрчлөлт оруулчихсан нэгээхэн жишээг дурдая. Манайд тулгамдаж буй нэг аюул бол хорт хавдар. Үүнийг эрт оношлоогүй учраас аюулт өвчнөөр өдөрт таван иргэн амиа алдаж байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг хөдөө орон нутгийн иргэд, малчид эзэлдэг байна. Учир нь тэд нарийн мэргэжлийн эмч, оношилгооны аппаратаас хол байдаг гэх судалгааг гаргажээ.
Тиймээс Улсын төсвийн хөрөнгөөр жил болгон хорт өвчний хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд аймаг болгонд умайн хүзүү, элэг, ходоодны гэсэн хамгийн түгээмэл байгаа хорт хавдрыг эрт илрүүлэх аппарат өгч аймгаас жил тутам нарийн мэргэжлийн эмч нарын баг гарч малчдаа оношилдог байх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн байна. “Даатгалын сан”-д гар дүрэх бус, нас барсан хүний нэр дээр мөнгө завших биш, ийм бодит ажил хуульчлагдаад явж байна гэхээр эндээс юу ч олж долоохгүй. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт олон бодит ажил явж байна гэхээр зэвсэглэх зүйл олдохгүй. Уг нь тэд эрүүл мэндийн салбарыг “хөнгөн пулемёт” гэж бодож байсан нь аанай л талаар болж байна.
Бидний түгээмэл хэрэглээ шатахуун түлшийг ч тэд “мина” гэж бодож байсан. Гэтэл салбарын сайд нь ОХУ-ын “Роснефть” компанитай тохиролцож, хамтын ажиллагааг өөр хэлбэрт шилжүүлсэн учраас шатахуун түлшний үнэ тэгтлээ өссөнгүй. Том агуулгаар нь авч үзвэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр бариад Сайншандаас үйлдвэр рүү очих 27 километр төмөр замыг анх удаа монголчууд өөрсдийн хөрөнгө, дотоодын ажиллах хүчээр бариад өгчихлөө. Тун удахгүй дотооддоо нэрж үйлдвэрлэсэн хямд өртөгтэй шатахуун түлш хэрэглэх гэрэлт ирээдүй хүлээж байхад юун “мина” вэ.
Төмөр зам гэснээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний долоон километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг өнгөрөгч мягмар гаригт угсарсан. Энэ төмөр зам ашиглалтад орохоор эдийн засагт ямар том нар тусна гээч. Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж мөн ч олон жил мөн ч олон газарт шав тавьсан даа. Үүн лугаа адил төмөр зам барина хэмээн өргөн нарийн царигийг тойрон маргалдаж бас л олон жилийг өнгөрөөсөн. Гагцхүү энэ л өдөр биелэлээ олж байна. Тэгэхээр энэ талбараас С.Эрдэнэд баригдах, ашиглагдах зүйл юу ч алга.
Нийслэлд утаанаас дутуугүй гамшиг дагуулж байсан бохирын үнэрийг бол “пуужин” чинээ л санаж байсан болов уу. Гэтэл Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил бусад дагалдах ажилтайгаа тун шуурхай өрнөж, "Лаг усгүйжүүлэх байгууламж"-ийг өнгөрөгч есдүгээр сард ашиглалтад өглөө. Энэ нь түрүүчээсээ бодит ажил болж байна гэсэн үг. Өдгөөгөөс 50 гаруй жилийн өмнө ашиглалтад орж, гучаад жилийн өмнөөс ойр орчимдоо үнэртэж эхэлсэн Цэвэрлэх байгууламжийн үнэр хаяагаа тэлсээр сүүлийн жилүүдэд хотыг хамрах болж, үүнээс үүдсэн өвчлөл ч элбэгшиж эхэлсэн. Цэвэрлэх байгууламжаа өргөтгөн шинэчилнэ хэмээн олон жил ярьсан ч зориглон хөдлөөгүй ажлыг мөн л эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байна. Тэгэхээр энэ ч бас зэвсэг биш аж. Ямартай ч АН-д зэвсэглэх боломж тун хомс харагдаж, С.Эрдэнэ дарга тулааны талбарт зэр зэвсэг ч үгүй, эр цэрэг ч үгүй үлдэж байх шиг.
Сэтгэгдэл ( 4 )
Хоёр толгойтой шувуу шиг хоёр цэргийн командлагч сөрөг хүчинтэй засаг их засаг хуулинд харш зарим заалтын нь орчин үежүүлж
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
монгол хоёр цэргийн команплагчтай болсон ирэгний дайны ёр
АН-г харжил баина даа! Могоиг хэд тасалсан ч гурвэлиин даитаи гэдэг баихаа! Харин МАН-одоо гурвэл баитугаи мэлхиин даитаи болчихсон тасалвал юу улдэх бол! МАН-Эрдэнииг харлуулаад Хурэлсухээ эргээд баивал 20-н онд гараад ирнэ гэж бодсон юм биш биз !