2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Татварын шинэчлэгдсэн багц хууль татвар төлөгчдөд ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг цувралаар танилцуулж байгаа билээ. Дараагийн мэдээллийг хүргэж байна.
Аймаг, сумын төв нь Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж төлсөн татварыг буцаан олгох замаар эдлүүлэхээр болсон.
Уг заалт нь ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих засварлах үйл ажиллагаа эрхэлдэг бол хамаарахгүй.
1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд ногдуулсан албан татварыг 90% хөнгөлөх заалт мөн хэрэгжинэ.
Харин уг заалтад ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох борлуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь хамрагдахгүй. Одоогийн хуулиар уг хөнгөлөлт харьцангуй цөөн салбарт хэрэгждэг.
Аж ахуйн нэгжийн албан татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн болон давхардуулан эдлүүлэхгүй. Хуульд заасан хугацаанд тайлангаа тушааж, татвараа төлсөн бол хуулийн заалтаас шалтгаалан тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдөр болон, дараагийн татварын жилийн хоёрдугаар улиралд багтаан буцаан олгохоор болж өөрчлөгдсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )