“Татвар буй дор төр буй, төр буй дор татвар буй” хэмээсэн үг бий. Сонгуулийн шоу, улстөрчдийн популизм татварын орчинд чамгүй гай болдог. Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, улстөрчдийн амлалтад “Татвар нэмэхгүй” гэх өгүүлбэр ёс юм шиг байраа эзэлж, сонгуульд ялалт байгуулсан нам үүндээ хүрэх гэж тэмүүлдэг нь мөн чанараараа оршиж буй татварын системд сөрөг нөлөө үзүүлдэг жишээ олон. Аливаа улс орны татварын орчин тогтвортой байж бусад зүйл зөв оршин тогтнодог. Гэхдээ татвар өөрөө уян хатан чанартай байх гээд олон зүйл бий.
Нэг их холын зүйл сөхөөд яахав. Өдгөөгийн эрх баригч нам өнгөрөгч 2016 оны сонгуулиар “татвар нэмэхгүй” гэдгээ Мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан андгайлсан ч Олон улсын валютын сангаас өөр шаардлага тавьсан. Тухайлбал, ОУВС юуны өмнө төсвийн орчныг тогтвортой байлгаж, алдагдлыг шат дараалалтайгаар буулгах, Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатайгаар нэмэгдүүлэх буюу зөрүүг багасгах гэх мэт олон шаардлага тавьсан. Эдийн засаг нь хоёр хувьд хүрэхгүй уруудсан улс орны удирдагчид өөрсдөө зохицуулах ямар ч боломжгүй учраас ОУВС-гийн хөтөлбөрийг оруулж ирсэн. Тиймээс ОУВС-гаас өгсөн заавар зөвлөгөө, шаардлагыг ёсчлон биелүүлэх үүрэг хүлээсэн хэрэг. Гэвч тэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун түлшинд Онцгой албан татвар ногдуулсан ч шатахуун импортлогчдын хэрэглэгчдээр дамжуулсан эсэргүүцэлд бууж өгч, энэхүү Онцгой албан татварыг тэглэж, мөнхүү “Приус” автомашины татварыг хөнгөлсөн юм.
Саяхнаас дурдахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч чадахаа больчихлоо. Үүнээс үүдсэн төсвийн алдагдал гээд юу эсийг дурдаж болох билээ. Ямартай ч “Страто” компанийн хуульч С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан нь Монгол Улс ирэх жилээс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг компаниудаас авч чадахгүйд хүрчээ. Ингэснээр жилд 1,300,000,000,000 орчим буюу 1.3 их наяд төгрөг авах боломжгүй болгосон гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Олон нийтийн сүлжээ, эх сурвалжийн мэдээллээс харж байхад АМНАТ-ийг устгасан жинхэнэ эзэн, захиалагч нь өдгөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг хэмээж байна. Энэ нь хувийн эрх ашгийн төлөөх үйлдэл байсан гэх. Тэгэхээр “Страто” компанийн талаар иргэн Л.Наранбаатар цахим сүлжээнд тодорхой мэдээлэл тавьжээ. Тэрбээр “Страто компани нь нүүрс олборлолтын лицензгүй, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани. 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг. Бусад хувийг нь Эрдэнэбилэг болон өөр нэг Монгол Улсын иргэн эзэмшдэг. А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нэг өрөөнд ажилладаг. Хаяг нь NCP Plaza, 2-р давхар. А.Баттүшиг нь мөн Браунрок компанийн гүйцэтгэх захирал. Браунрокийн эзэн нь З.Хишигтогтох. Тэгэхээр З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, түүний гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэсэн гинжин хэлхээ харагдаж байна” хэмээжээ. Үүнээс харвал гарцаагүй З.Энхболдтой холбогдох аж.
Үүнээс гадна өдгөө ч маргаан таслаагүй байгаа нэг зүйл нь Нийгмийн даатгалын шимтгэл. Энэ тухайн эргэн сануулахад 2017 онд Татварын багц хуулийг хэлэлцэн батлахдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр, нийтдээ таван хувиар нэмэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Даатгалын шимтгэл нэмэгдэх ажлыг 2012-2016 онд төрийн эрх барьсан АН хийсэн. Тэгэхээр энэ тухай дурдсан нь зүйн хэрэг болно. 1990-1995 онд ажиллаагүй иргэдээс шимтгэл аваагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд тооцуулан тэтгэвэрт оруулжээ. Мөн 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль баталсан байдаг. Эдгээр иргэд нь шимтгэлээ нөхөн төлсөн боловч тухайн үеийнхээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод үнээр биш бүр шимтгэл төлж чадаагүй байсан үеийнхээ шимтгэлээр тооцон төлсөн нь том алдаа юм. Тухайн үед 40 мянган төгрөгөөр тооцон 4000 төгрөг төлчихөөд 310 мянган төгрөгийн тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн. Эдгээр хуулиас болоод Нийгмийн даатгалын сангийн алдагдал сүүлийн дөрвөн жилд огцом өссөн байна. Тодотговол, “Ажилласан жил нөхөн тооцох хууль” хэрэгжсэнтэй холбоотойгоор 600 мянган иргэн улсад ажиллаагүй атлаа ажилласанд тооцогдсон. Мөн 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулсан. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн нь 2012 оноос өнөөдрийг хүртэл 700 тэрбум төгрөгийн тэтгэвэр авчээ. Гэтэл эдгээр иргэд 38-хан тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн. Зөрүү нь 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг Нийгмийн даатгалын сан хүлээж байгааг дуулгах хэрэгтэй. Энэ мэт сонгуулийн шоу, улстөрчдийн популизмаас үүдсэн үйл явдал олон өрнөдөг.
ШИНЭЭР ХЭРЭГЖИХ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД САЙН ЗҮЙЛ БИЙ
Гэхдээ татварын орчинд дандаа бараан зүйл гэж үгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруй хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын хоёр дахь шатны шинэчлэл хийсэн гэж болно. Тэр тусмаа Жижиг, дунд бизнесийг дэмжих тал дээр санал санаачилгатай ажилласан гэхэд болно.
Тодотговол айсуй 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс шинэчлэгдсэн Татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэхүү татварын шинэчлэл нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар Татварын ерөнхий газраас байр сууриа илэрхийлсэн. Үүнд жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлөх
Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх, Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах гэх мэт зохицуулалт энэ хуульд орсон. Харин 25 хувийн татвар төлөх ААН-ийн жилийн орлогын босго 3.0 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж, 6.0 тэрбум төгрөг болгосон бөгөөд татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлэн тооцох буюу энэ хугацаанд төлж болох нь. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, тайланд дарагдах асуудлаас чөлөөлж, бизнес нь өргөжиж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож буй хэрэг хэмээн тайлбарлаж буй. Шинээр мөрдөх хуульд олон эерэг зүйл байгаагаас дурдвал татвар төлөгчийн ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж, гурав хоногийн дотор залруулах боломжийг олгосон.
Хасагдах зардлыг зөвхөн жагсаалтаар хязгаарлахгүйгээр хасагдах зардлын тодорхой шалгуур тавьж өгснөөр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой одоо хасаж чадахгүй байгаа зардлуудыг хасах боломж олгосон. Татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг хоёр жил хүртэл сунгах боломжтой болсон. Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ гэх зэрэг бизнес эрхлэгчдэд чамгүй боломж олгосон шинэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх нь.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37