Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.03.26/ мэдээлэл хийлээ.
Татварын хууль шинэчлэгдсэнээр жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага ААН орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргана. Жишээ нь, 10 сая төгрөгийн орлоготой ААН жилд 100.000 төгрөгийн татвар төлөх юм байна. Улсын хэмжээнд жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 34387 ААН байгаа аж.
Мөн жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд жилийн 1 хувийн татвар төлнө. Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 47867 ААН хамаарна.
Харин жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН-үүд 10 хувийн татвар төлж, татварынхаа 90 хувийг буцааж авах зохицуулалт хийгдсэн байна. Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 54934 ААН үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Татварын тайлангаар гарсан алдагдлыг 4 жилийн хугацаанд шилжүүлж тооцохыг зөршөөрч байгаа бол ашигт малтмал, газрын тосны хайгуулын салбараас бусад салбарт гадаад, дотоод зах зээлээс өрийн хэрэгсэл худалдан авсан хүүгийн орлогод 5 хувийн татвар авах зохицуулалт хийжээ.
Түүнчлэн амьдран суух зориулалтаар анх удаа байшин, орон сууц барьсан, худалдан авсан иргэнд өгдөг байсан 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлтийг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан бол татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, хувь хүний татварыг 50 хувиар, 1000-аас дээш км алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлсөн татварыг 90 хувиар тус тус хөнгөлөхөөр болсон байна.
Татварын багц хуулийн шинэчлэлийн талаарх мэдээллийн үеэр Сангийн сайдаас дараах тодруулгыг авсан юм.
-Татварын хууль шинэчлэгдсэнээр “Иргэдийн татварын өрийг үр хүүхдүүдэд нь өвлүүлнэ” гэсэн мэдээлэл явж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Одоо мөрдөгдөж байгаа татварын хуулиар нас барсан хувь хүний эрх өв залгамжлагчид нь шилжинэ гэсэн заалттай. Иргэний хуулийн 515.2-т өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх заалттай. Жишээ нь, татварын торгууль бол цэвэр хариуцлагын асуудал. Татварын хариуцлагын асуудлыг үр хүүхдүүдэд нь шилжүүлж болохгүй гэж үзсэн. Тэгэхээр бид одоо мөрдөгдөж байгаа хуулийг илүү хөнгөрүүлсэн.
-Татварын хууль өөрчлөгдсөнөөр улсын татварын орлого өөрчлөгдөх үү?
-Татварын орлого өөрчлөгдөхгүй гэсэн тооцоо хийсэн. 2018 оны нэгдүгээр сард Олон улсын Валютын сантай хэлэлцээр хийгээд Хүн амын орлогын албан татварыг өөрчилсөн. Тухайн үед 10, 15, 20, 25 гэсэн шатлалаар татвар авах байсан. Ингээд Сангийн яам дээр ярьж байгаад 10 хувь болгож буцааж буулгасан. Буулгахад татварын орлого буурна гэж байсан. Гэхдээ энэ нь орлогоо бодитой мэдүүлэх бааз сууриа нэмэгдүүлэх чиглэлээр ахиц гарна гэж бид үзсэн. Ингээд 2018 онд хүн амын орлогын албан татвар 22 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Тэгэхээр орлого алдахгүй гэж тооцоо хийж байгаа. Бид татварын ихэнхийг нь буулгасан. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, татвар төлөгчид тайлангаа үнэн бодитой гаргах байх гэсэн төсөөлөл байгаа. Татварын орлого дээр нөлөөлөх нөлөөлөл ойролцоогоор “0” байна.
-НӨАТ-ын сугалааг зогсоож, урамшууллыг нэмэгдүүлэх асуудалд Та хариулт өгнө үү?
-НҮБ-ын гишүүн 190 орны 160 орчим орон нэмүү өртгийн албан татвартай. Үүнээс буцаан олгодог орон нь хэдхэн байгаа. Тэдний нэг нь Монгол. Анх “Сименс”-ийг үүсгэн байгуулагч үйлдвэрлэлийг өртөг нэмэгдэх болгон дээр татвар авахгүй бол шударга бус явдал болно гээд НӨАТ-ыг бий болгосон байдаг. НӨАТ-ын буцаан олголт одоо 2 хувь байгаа. Жилд нэг удаа буцаан олгодог байсныг бид улирал тутамд буцаан олголтыг олгохоор болсон. Ер нь сар болгон буцаан олгох боломжтой. Гэхдээ сар болгон олговол иргэдэд хуримтлал үүсэх боломж олгохгүй гэж үзсэн.
-Зах худалдааны төвүүд хэзээнээс НӨАТ өгдөг болох вэ?
-Энэ асуудлаар бид шат дараатайгаар тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллана.
-Татварыг орлогоос бус ашгаас авах ёстой гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Үг хэллэгийн зөрүүнээс үүссэн буруу тайлбар юм. 50 тэрбум төгрөгийн орлоготой компани 50 сая төгрөгийн татвар төлөөд явах боломжтой. Тэгэхээр энэ бол ашгаасаа төлдөг татвар юм шүү.
-Арилжааны банкны зардлыг бууруулахад татварын хууль дэмжлэг үзүүлэх үү?
-Арилжааны банкууд хэвийн зээлүүдэд үүсгэсэн сангаа зардалд оруулна гээд байгаа. Засгийн газар бол ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр оруулж ирээгүй. Одоо бол эрсдэлтэй муу зээлүүдэд эрсдэлийн сан үүсгэчихсэн байгаа. Тэр зардлаас хасагдаад явж байгаа. Зээл нь төлөгдөхөөр орлого болоод явна. 14 их наяд төгрөгийн хэвийн зээл олгогдоод явж байгаа. Үүний 1 хувиар зардалд оруулаад өгчихвөл 140 тэрбум төгрөгийг банкуудын зардалд оруулах хэрэг гарна. Тэгэхээр тавар төлдөг банк нэг ч гарч ирэхгүй.
ИНФОГРАФИК: ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ЗААЛТУУД
Сэтгэгдэл ( 0 )