"Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч-2019" хөтөлбөрийн ялагч тодорлоо

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

"Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгээс сүүлийн хоёр сарын турш зохион байгуулсан "Тогтвортой Хөгжлийн Залуу Манлайлагч - 2019" хөтөлбөр амжилттай өндөрлөж, төслийн уралдааны ялагчид тодорлоо.

НҮБ-аас 2030 он хүртэлх дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний гэрийн даалгавар болгон дэвшүүлээд буй "Тогтвортой хөгжлийн зорилтууд"-ын талаарх залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр өөрсдийн хүрээнд шийдэл санаачлан хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчиндоо нөлөөлж чадах элч-манлайлагчдыг бэлтгэхэд энэхүү төслийн гол зорилго байв.

Хэд хэдэн шатны шалгаруулалтаас тунасан 30 гаруй оюутан залуучууд "Тогтвортой хөгжлийн зорилтууд", төслийн менежмент, хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт зэрэг олон чиглэлийн хүрээнд явагдсан сургалт, лекцүүдэд хамрагдан, эцсийн шатанд өөрсдийн сонгон авсан тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд нийгэмд чиглэсэн төслийг санаачлан, баримт бичиг боловсруулан, санаагаа танилцуулан өрсөлдлөө.

Эцсийн шатны шалгаруулалт өнгөрсөн Бямба гарагт старт-апыг дэмжигч “Moffice” хамтын оффис дээр зохиогдсон бөгөөд шалгаруулалтын шүүгчдээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хяналт, үнэлгээний мэргэжилтэн Ө.Буяндэлгэр, "Moбиком Корпораци"-ын Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг, "Анд Системс" компанийн Бүтээгдэхүүн хариуцсан менежер Г.Цэлмэг, "Ирбис Глобал Системс" компанийн гүйцэтгэх захирал Г.Номин нар ажиллав.
 


Ийнхүү нийт 6 баг нийгэмд тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөж, сонирхолтой шийдлийг санал болгосон танилцуулгуудаа хийсэн бөгөөд ширүүн өрсөлдөөний эцэст ялагчаар, "Өдөн цүнх" төслийг санаачлагчид тэргүүн байр эзэлж "Глобал Шэйпэрс Улаанбаатар" нийгэмлэгийн 3 сая төгрөгийн шагналын эзэд болсон юм. Тэд дунд ангийн сурагчдын цүнхний жингийн ачааллыг бууруулах, үүнээс үүдсэн эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд таниулах зорилгодоо ийнхүү нэг алхам ойртож байна. Мөн тэмцээний хамтрагч Азийн хөгжлийн сан 2-р байр эзэлсэн оюутнуудын нэгдсэн мэдээллийн платформ хөгжүүлэх санаачлагатай Оюут багийг 2 сая төгрөг, дараах байрт шалгарсан “Ярьдаг брайль”, “Хуванцраар сагсны талбай хийцгээе” төслүүдэд тус тус 1 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болов.  “Ярьдаг брайль” төслийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, боловсролын чанарыг нэмэгдүүлэх эрхэм санаачлагыг дэмжиж Мобиком компаниас нэмэлт 2 сая төгрөг, мөн шүүгч н.Буяндэлгэр хувиасаа 500 мянган төгрөгийн шагналыг амласан сайхан үйл явдал боллоо.

Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхийн тулд хүн бүрийн оролцоо, идэвх санаачлага зайлшгүй шаардлагатай билээ. Хоёр сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийг төгсч буй залуу манлайлагч нарыг сурсанаа түгээж, том давалгааг эхлүүлж чадахуйц төлөөлөгчид болон бэлтгэгдсэн гэдэгт итгэж байгаагаа хөтөлбөрийг зохион байгуулагчид энэ үеэр дурьдаж байлаа.



 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top