НҮБ-ын байр, Төрийн ордон, Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрыг Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эв санааны нэгдлийн илэрхийлэл, билэг тэмдэг болсон улбар шар гэрлээр гэрэлтүүлэх ёслолыг 11 сарын 21-ны өдөр НҮБ-ын байранд хийлээ. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр албан ёсоор эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-нд дуусах юм.
Энэхүү ёслолд Монгол дахь НҮБХАС-ын тэргүүн хатагтай Каори Ишикава, УИХ-ын гишүүн А. Ундраа, УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Мөнгөнчимэг, ШХА-ын хамтын ажиллагааны захирал, ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа нар оролцлоо.
Улбар шар өнгө нь жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын эв нэгдлийн билэг тэмдэг болсон өнгө юм. Энэ нь хүчирхийллээс ангид, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөвгүүд охидын эрхийг хамгаалсан гэрэлтэй гэгээлэг ирээдүйг билэгдэж байгаа юм.
Энэ үзэл санаа нь өнгөрсөн долоо хоногт Найробид болсон Хүн ам хөгжлийн асуудлаарх олон улсын хурлын (ХАХАОУХ) 25 жилийн ойн арга хэмжээний үеэр баталгаажуулсан 1994 онд болсон ХАХАОУХурлаар баталсан өргөн хүрээтэй үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үзэл баримтлал юм.
НҮБХАС, ҮСХ-той хамтран зохион байгуулсан Жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь өөрөөр хэлбэл 5 эмэгтэй тутмын 3 нь амьдралынхаа аль нэг үед хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг төрлийн хүчирхийллийн хохирогч болж байсан байхад Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн болохыг харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )