УИХ-ын гишүүн Г.Солтантай ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар батлаад одоо Ерөнхийлөгч ёсчлох үлдээд байна. 2000 оноос хойш 19 жилийн дараа орж байгаа энэ өөрчлөлтийг АН-ын зүгээс “Эрх баригчид хүч түрсэн хэлбэрээр өөрчиллөө” гэж шүүмжилсэн. Таны хувьд хэр сайн өөрчлөлт болсон гэж бодож байгаа вэ?
-Өмнө нь 2000 онд манай нам УИХ-д олонх байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Мэдээж, ажил хийсэн хүмүүс шүүмжлүүлдэг болохоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт араасаа хэл ам дагуулдаг л даа. 2000 оны тэр өөрчлөлтөөс хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах олон удаагийн оролдлого парламентын гишүүдийн дийлэнх олонхын санал авч дэмжигдэж чадалгүй бүдэрч байлаа. Ингэж гацсан ажлыг 19 жилийн дараа долоо дахь парламентад сонгогдсон гишүүд амжилттай дуусгаад байна. Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцлийн гэрээ юм. Тиймээс оруулсан нэмэлт, өөрчлөлт бүх хүний санасан шиг болно гэж байхгүй. Гэхдээ сая хийсэн өөрчлөлтөд ямар ч байсан ард түмний хүсэн хүлээсэн, төрийн албыг гацаанаас гаргасан тодорхой саналууд орсон байх. Мөн зарим саналууд ороогүй ч байж магадгүй. Ерөнхийдөө зөвшилцөж ойлголцоод хийж чадсан шинэчлэл, түүхэн агуулгатай ажил боллоо гэж бодож байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Гэхдээ анх 62 гишүүний өргөн барьсан төсөл бол хэлэлцүүлэг, зөвшилцлийн явцад нэлээд өөрчлөгдчих шиг болно лээ?
-Манай улс үнэхээр хөгжиж дэвжихийг хүсэж байвал Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Ингэх гэхээр зарим хүмүүс айгаад байх шиг байна. Жишээ нь, анхны төсөл дээр Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилох тухай санал байсан шүү дээ. Гэтэл Ерөнхий сайдын эрх мэдэл хэтэрхий их болчих гээд байна гээд унагаачихсан. Гүйцэтгэх засаглалын тэрүүн хүч чадалтай, эрх мэдэлтэй байж л улс орноо хөгжүүлнэ. Энэ өнцгөөс бол тэр санал унасанд харамсаж байгаа. Бас бидний хамгийн гол алдаа бол Засгийн газруудын тогтворгүй байдал болсон. Дунджаар жил хагасын настай Засгийн газрууд яаж урт хугацааны бодлого гаргаж, ажиллаж чадах юм. Нэг Ерөнхий сайд ядахдаа найман жил сууж байж улсаа алсын хараатай хөгжүүлнэ шүү дээ. Манайх парламентаа дөрвөн жилээр сонгоод тэндээсээ сонгогдсон Ерөнхий сайдаа хоёр жил хүрэхгүй хугацаанд огцруулдаг жишигтэй болсон бол бидэнд тохиолдсон гамшиг гэж л зүйрлэмээр юм уу даа.
-Та Ерөнхий сайдад аймгийн Засаг дарга нарыг томилох эрхийг өгөх ёстой байсан гэж ярилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг Засгийн газрын сайд нарыг томилдог эрхээс нь түдгэлзүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд “Парламентын засаглалтай орон гэсэн мөртлөө УИХ-ынхаа эрх мэдлийг бууруулаад байгаа нь зөв үү” гэж байсан шүү дээ. Тэгэхээр эрх мэдэл нь багадаагүй юм биш үү?
-Ерөнхий сайд танхимынхаа сайдуудтай хариуцлага тооцож чадах ёстой. Тэгж байж сайдууд түүний хэлснээр ажил төрлөө сайн хийнэ. Ажлаа сайн хийж чадахгүй бол тэр сайдаа огцруулаад оронд нь чадвартай, ажил хийж чадна гэж итгэсэн хүнээ томилох нь эрүүл зарчим. Аймгийн Засаг дарга нарын асуудал дээр ч адилхан. Өнөөдөр аймгууд хөгжихгүй байна шүү дээ. Учир нь аймгийн Засаг дарга нар хэдэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын гарт орчихоод байгаа юм. Аймгийн ИТХ-ын 20 гаруй төлөөлөгч олонх болоод нэг хүнийг дэмжээд Засаг дарга болгочихно. Хариуд нь тэр Засаг дарга 20-н хэдэн төлөөлөгчийн тойрогт төсвөөс өгсөн юмыг зарцуулдаг, тэдний хамаатан садныг нь ажилд оруулдаг, тендер өгдөг байдалтай байна. Тэр төлөөлөгчид, тэдний ажилд оруулсан хүмүүс нь ажлаа сайн, муу хийх эсвэл бүр гэртээ унтаж байна уу хамаагүй. ИТХ-аас өөрийг нь огцруулахгүй байхад л болно гэсэн байдлаар явж байгаа. Гэтэл нөгөө талд ажлаа ингэж хийж байгаа аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулж чадахгүй хуулийн зохицуулалттай байж байна. Ер нь Ерөнхийлөгч, УИХ нь ч чадахгүй. Тэр хүн өөрийг нь хүрээлсэн 20-н хэдэн төлөөлөгчийн дархлаагаараа аймгийн Засаг дарга гээд л яваад байдаг. Тийм болохоор Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилдог заалтыг оруулах ёстой байсан гээд байгаа юм. Хэрэв тэгсэн бол мууг нь огцруулж сайн хийж чаддаг хүнийг нь тавьж, жинхэнэ ард түмний дуу хоолойгоор ажиллах боломжтой болох байсан. Ингэдэг болчих вий гэж аймгийн Засаг дарга нар ч айж эмээж байсан байх. Цаашаагаа аймгийн Засаг даргыг томилдог болсон бол сумын Засаг даргыг нийт иргэдээс томилдог болгох хувилбар байсан. Сумын Засаг дарга ажлаа сайн хийвэл хоёр, гурав сонгогдоод ажиллаг. Өнөөдөр сумын Засаг даргад мэдэх юм ховор. Сумынхаа Эрүүл мэндийн газрын эрхлэгч, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг ч томилох мэдэлгүй. Бүгдийг нь аймгийн Засаг дарга томилчихдог. Тэгэхээр сумын Засаг дарга юу хийж суудах байх уу.
-Тодорхойлолт өгөөд л сууж байгаа байх.
-Тиймэрхүү л маягтай. Харин сумын Засаг дарга нар өөрийнхөө ажлыг явуулахын тулд багийн Засаг даргыг томилдог болох ёстой байсан. Тэгвэл гар нийлж ажиллана. Өнөөдөр багийн Засаг дарга нь сумынхаа Засаг даргын үгэнд орохгүй шүү дээ. “Намайг багийн иргэд сонгосон болохоор та зүгээр байгаарай, миний ажилд битгий оролц, би өөрийнхөөрөө хийнэ” гээд сууж байгаа. Ийм байдлыг нэгмөсөн нэгмөрт оруулах ёстой байсан. Тэгвэл ядаж л багийн Засаг даргын сонгууль гээд нэг сонгууль ч гэсэн багасна шүү дээ. Энэ шат шатны улс төрийн сонгуулиас болж ах, дүү нар ч нэгнийхээрээ орохоо больсон жишээ байна. Ах дүү байтугай гэр бүлийн хоёрыг ч муудалцуулж байгаа шүү.
-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт дундаас өөр онцлох ямар заалт байна вэ?
-Парламентын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтууд орлоо. Хуучин бол 39 гишүүнээр ирц бүрдээд 20 нь олонх болоод хууль батлах боломжтой байлаа шүү дээ. Одоо бол 39 гишүүний саналаар хууль батлахаар болж байна. Нэг ёсондоо 39 хүн хуралдаа суувал 100 хувийн саналаар хуулиа батлана гэсэн үг.
-Өнөөгийн УИХ-д МАН 64 суудалтай байна. 2012-2016 оны парламент сөрөг хүчин нь 26 гишүүнтэй, “Шударга ёс” эвсэл 11 гишүүнтэй, гурван бие даагчтай байлаа. Ингээд босгыг нь өндөрсгөчихөөр дараагийн парламент дээрхийн адил бүрдвэл хууль батлагдаж чадахгүй байх аюул руу орчих юм биш биз?
-Асуудлын гол нь сонгууль яаж явуулахад байгаад байна. Ард түмэн бол их зөв шийдвэр гаргадаг юм шүү. Ингээд шийдвэрээ гаргаад парламентад олонхийн суудал өгөнгүүт л дараагийн сонгуулийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилчихдөг. Нөгөө сонгогдох зарчмаа өөрчлөөд хаядаг. Жижиг мажоритар байснаа гэнэтхэн сонгуулийн өмнө нам дугуйлах пропорционалтай холимогоор явуулна гээд оруулаад ирнэ. Олон нийтийг бэлэн биш байхад төдийлөн сурталчилж мэдээлэл өгөхгүй байж байснаа “Ерөөсөө ингэж санал өгнө шүү” гэсэн юм тулган шаардаад оруулчихдаг. Зарим нь санал өгөхдөө цаашид гарах үр дагаврыг нь ойлгоно, зарим нь төдийлөн мэдээлэлгүй байхдаа санал өгнө шүү дээ. Үүнээс болоод өнөө өмнөх парламент орвонгоороо эргэж өөрчлөгддөг.
-Сонгуулийн тогтолцоо өөрчлөхөөс гадна мөрийн хөтөлбөр гэж байгаа л даа?
-Заримдаа боддог юм. 2000-2004 онд манай нам олонх байсан. Харин 2004 оны сонгуулиар ард түмэн “Хүүхдийн мөнгө өгнө” гэсэн ганцхан юманд хууртсан шүү дээ. Яахав өмнө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгэмд байхад хүүхдийн мөнгө өгдөг байлаа. Тэр дурсамж арилаагүй байсантай ч холбоотой байх. Хүмүүс “Өө энэ хүүхдийн мөнгө гэж сайн юм гарлаа” гээд АН-д өгсөн болохоос биш тэр сонгуульд АН-ыг эд нар сайн ажиллана гэсэндээ өгөөгүй. Тухайн үед би Баян-Өлгий аймагт сонгуулийн ажилд оролцож байсан болохоороо мэдэрч байлаа. Ганц манай аймагт ч биш орон даяар л тэр амлалтад ач холбогдол өгсөн болов уу гэж боддог. Харин 2008 онд ард түмэн манай намд эргээд итгэл өгсөн. Гэхдээ 2012 онд дахиад нам сонгох пропорционал гээд өөр юм гаргаад ирсэн шүү дээ. Тэгээд тогтсон парламентыг бүгдээрээ мэдэж байгаа. Ингээд 2016 онд жижиг мажоритар хэлбэрээр сонгууль явуулахад ард түмэн өөрийнхөө жинхэнэ саналаа өгсөн гэж боддог.
-Тэгвэл 2020 оны сонгууль ямар хэлбэрээр сонгууль явуулах бол. Сонгуулийн тухай хууль, Намын тухай хуулиудын төслийг өргөн барихад бэлэн болсон тухай яриа байна. 50 нь тойргоос 26 нь хүн дугуйлах холимог хэлбэр рүү орж магадгүй яриа ч гарсан?
-Яг ямар хэлбэрээр сонгууль явуулахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сонгуулийн ямар ч хэлбэрийг сонгож авсан дөрөв биш юм гэхэд ядахдаа хоёр, гурван жилийн өмнө зарлаад ард иргэдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Өнөөдөр яаж байна. Дөрвөн сарын өмнө мэдээллээ өгдөг. Тэр нь тээр ууланд байгаа малчинд хүрэв үү, үгүй юу байхад “За та үүгээр санал өгнө шүү” гээд сонгуулиа тулгавал болохгүй шүү дээ. Ер нь ямар ч ажлын бэлтгэлийг сайн хангаж байвал бүх юм сайн сайхан явна. Миний хувийн бодол ийм байна.
-Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоол гарлаа. Дубайн гэрээг сайжруулах, Оюутолгойн нөөцийг шинээр тогтоох, шинэ ТЭЗҮ хийх үүргийг Засгийн газарт өглөө. Таны хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Оюутолгойн ажил эхнээсээ буруу явсан тухай ард нийтээрээ л хэлж байна. Тэгэхээр ортой л гэсэн үг шүү дээ. Бид анх удаа том уурхайг ашиглалтад оруулж байгаа биш. Бэлээхэн Эрдэнэт үйлдвэрийн туршлага байсан. Энэ туршлагаар манайхан Оюутолгойг аваад явсан бол өнөөдөр ийм юм яриад суухгүй байх байлаа. Цагтаа Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь Монголд, 49 хувь нь Орост байж байгаад өнөөдөр 49 хувь нь ард түмэндээ эргэж ирээд байна. Гол нь бид том хоттой, том үйлдвэртэй үлдэж байгаа юм. Оюутолгойд тийм юм харагдахгүй байна. Өнөөдөр тэнд нүүдлийн аргаар л аргацаасан юм хийж байгаа. Биднийг хайрлах нь бүү хэл энэ улсад ашигтай байлгая гэсэн юм байхгүй. Зүгээр газар доорх баялгийг нь хэдэн жилийн дотор цөлмөж аваад нэг нүх үлдээгээд явахаар харагдаад байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нүүдлийн байдлаар буюу 14 хоног ажиллаад, 14 хоног Улаанбаатарт ирж байна. Тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа хүн юу бодох вэ. Миний хот, миний уурхай, миний амьдарч байгаа газар гэдэг сэтгэлгээ тэнд ажиллаж байгаа ажилчдад суухгүй шүү дээ. Хот байгуулаад ажилчдаа гэр бүлээр нь байлгаж нийгмийн асуудлыг нь шийдэхэд анхаарсан бол ядаж ганц мод таръя гэж бодно доо. Өнөөдөр тэнд Эрдэнэт шиг хоттой болсон бол ядаж ажилгүйдлийн асуудлыг шийдэхэд дэм болох байлаа. Хүмүүс хот байгуулж тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрахыг дагаад тодорхой хэмжээний эмнэлэг, сургууль, цэцэрлэг баригдана. Тэдний идэх хоолыг бэлдэх хүнсний үйлдвэрүүд, наад зах нь уух усыг нь бэлддэг ус савладаг үйлдвэрээс эхлээд бий болно шүү дээ. Ресторон, үзвэр гээд үйлчилгээний байгууллагууд бий болно.
-Олон улсын гэрээнд өөрчлөлт боломж хэцүү л дээ. Өөрчлөлт орууллаа гэхэд Арбитр хавьд л очих байх?
-Ганц найдвар байна. Бид чинь дэлхий дээр ганцаараа биш шүү дээ. Олон улсад хандах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хүмүүстээ хариуцлага хүлээлгэнэ гэдэг чинь юу гэсэн үг гэхээр “Энэ хүмүүсийн буруугаас боллоо. Түүнээс биш нийт ард түмнээс биш” гэдгийг дэлхийд ойлгуулах хэрэгтэй. Нэг хоёр хүний алдаанаас болоод ийм юм гарсан гэдгийг ойлгуулж чадвал бидний талд гарах байх. Тэгэхгүй хариуцах эзэнгүй, алдаа гаргасан хүнгүй мөртлөө юмыг өөрчлөнө гэвэл яаж хүлээж авахыг би сайн мэдэхгүй байна.
-Хамгийн сүүлийн асуулт. Саяхан Баян-Өлгий аймагт казак иргэд газар усны нэрийг өөрчилж байна гэсэн мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Ер нь үе үехэн ийм мэдээлэл тарах юм. Та үүнд тайлбар хийх үү?
-Газар нутгийн нэрийг өөрчилнө гэдэг чинь нэг хүний хийх ажил биш. Нэг аймгийн Засаг дарга захирамж гаргаад ч гаргах юм биш. Газрын нэрийг өөрчлөхийн тулд УИХ-аар батлагдсан захирамж гарах ёстой. Хэрэв газар нутгийн нэр өөрчлөгдсөн бол УИХ-д асуудал тавиад эндээс шийдэгдсэн юм байж магадгүй. Тэгж шийдэгдсэн зүйлийг би санахгүй байна. Бид чинь нүүдэлчин ард түмэн шүү дээ. Нүүдэлчин ард түмэн өөрсдийнхөө нүүж явж байгаа үед хялбарчлаад “Хэн гуайн өвөлжөө”, “Тэр гуайн хаваржаа” гэдэг. Аягүй бол сайн хурдан морь үхсэн бол “Тэрний морь нь осолдсон газар” гээд нэрлэж байж ч магадгүй. Зам заахдаа “Өгсөөд тэдний өвөлжөөний баруун талаар явбал тийшээ явна, зүүн талаар салбал тэр рүү явна” гээд ярьдаг шүү дээ. Наадмын морь барианы талбай гэж байдаг биз дээ. Морь барианы газар гэж яридаг ч тэр газарт өөр нэр бий. Хог хаядаг жалгаа хогийн цэг гэж нэрлэнэ. Энэ бол түр зуур зүгээр ард түмний хэлж хэвшсэн зүйл юм. Түүнээс газар усны нэр өөрчилсөн юм байхгүй. Хэрэв өөрчилсөн бол газрын зураг дээр гарч ирэх ёстой. Харин үүнийг бичиж байгаа сэтгүүлчдэд захих юм байна. Намуудыг хооронд нь талцуулж, хэрэлдүүлэх бол яах вэ. Байдаг л зүйл. Харин нэг дээвэр дор байгаа, нэг улсын иргэд болох хоёр ард түмнийг нэг нэгнээ үзэн ядах иймэрхүү сэтгэгдэл төрүүлэх юм битгий бичээрэй. Яагаад гэвэл нэгэнтээ хамт амьдарсан 100-гаад жилийн түүх байна шүү дээ. Хоорондоо гэрлэж л байна. Малаа хамт хариулаад, хамт нэг газар ажиллаад ахан дүүс болсон энэ иргэдийг талцуулах ажил битгий явагдаасай. Үүнийг хийж байгаа хүмүүс болон сэтгүүлчид сайн судлах хэрэгтэй шүү. Мэдээж хамт амьдарч байгаа хойно янз бүрийн гомдол байж магадгүй. Тэр юмыг хамаагүй талцуулж болохгүй байх гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ ёстой дүп. Дахиж ийм усан тэнэгийн сонгохгүй байх хэрэгтэй. Хүн чанаргүй согтуу толгой. Өөрөө чадахгүй бол төрсөн дүү Ыбырайг дэвшүүлнэ гэнэ шүү. Горьдов оо
Энэ новш Саулeгийн эмэгтэй квотыг авч гишүүн болсон. Одоо Саулeгэж жийх гээд гүйгээд бгаа. Дахиж ийм хулгайчийн сонгож болохгүй
Soltan pizda ene jil gordood baigaa yum bish biz,chamaig hen sh songohgui harjil baigarai!
Yamar ch bsan zvgeer l yaridag yum bna
Ene pizdaa hasag um uu hachin nertei baachka ve
Xeld orson gishuun
хүннү-гийн ирлийз засгыг байгуул сонгодог засаг худлаа