СУРГУУЛИЙН АВТОБУС: Эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх аппликейшнтэй болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

 “Сургуулийн автобус” төсөл  энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2900 болтлоо өссөн үзүүлэлттэй байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс  мэдээлж байна.

Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах,  эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа гэлээ.  Тус ажлыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  “Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэл технологийн газар болон нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд оролцсон шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэлийг өгч ажиллажээ.

 Тодруулбал,  Хүүхдүүдийг автобуснаас хоцруулахгүй цагт нь ирүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид руу нь чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах, тодорхой шалгуур, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулж ажиллах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, сургуулийн автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгон, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх аппликейшныг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгажээ.

 

 

.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.75.44) 2019 оны 11 сарын 25

surguuliin bus nd tom hvmvvs yabj bhiin ichdggui sda nar yum aa hvvhdvvdiin bvh yumiig l bulaah yum nobsh ivhih bulchirhaigui

0  |  0
Top