Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон улсын сургалтын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн олон улсын сургалтын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн шалгалтын талаар танилцуулав.
Шалгалтад “Орхон Хасү”, “Сакура”, “Жет”, “Орчлон”, “Сингапур скүүл оф Монголиа”, “Бритиш сургууль”, “Улаанбаатар-Элит” олон улсын сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, “Улаанбаатар дахь Америк”, “Тэрэлж боардинг” гэсэн арван сургуулийг хамруулсан байна. Эдгээр 10 сургууль өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ямар нэгэн шалгалтад хамрагдаж байгаагүй бөгөөд дөрвөн сургууль нь кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байжээ. Харин үлдсэн зургаан сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөлгүй.
Олон улсын хөтөлбөртэй гэх 10 сургуулийн зургаа нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхгүй байжээ
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Олон улсын хөтөлбөртэй гэх Ерөнхий боловсролын сургуулиудад хяналт шалгалт хийсэн. Эцэг эхчүүд хүүхдээ аль болох кембриджийн хөтөлбөртэй сургуульд явуулахыг эрмэлздэг. Энэ хөтөлбөрөөр сургалт явуулахдаа тухайн улсаас нь зөвшөөрөл авсан байх ёстой ба сургалтын орчин нь зориулалтын байх шаардлагатай. Гэвч шалгалтаар зарим сургууль Кембриджийн хөтөлбөртэй гэж өндөр төлбөрөөр сургалтаа явуулдаг ч тусгай зөвшөөрөл нь ердийн хэв шинжтэй байна. Урьдчилан сэргийлэх шалгалтын үр дүнд “Орчлон”, “British school”, “Орхон-Хасү” сургууль болон “Улаанбаатар-Элит” олон улсын сургууль л Кембриджийн хөтөлбөрт сургалт явуулах албан ёсны эрхтэй байна. Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч “Сакура”, “Сингапур скүүл оф Монголиа”, “Жэт”, “Тэрэлж боардинг” сургууль албан ёсны зөвшөөрөлгүй байсан” гэлээ.
Түүнчлэн албан ёсны зөвшөөрөлгүй сургуулийг төгссөн хүүхдүүд “Олон улсын хөтөлбөртэй сургууль төгссөн” гэх бичиг баримт авдаг. Гэвч тэр нь Засгийн газрын хэлэлцээрээр батлагдаагүй, албан ёсны бус байдаг учраас дараагийн шатны сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг гэдгийг онцолсон юм.
Шинээр байгуулагдаж байгаа олон улсын хөтөлбөртэй гэх сургуулиуд тийм сургалт явуулах зөвшөөрлөө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас авсан байх ёстойг тэрбээр хэлсэн юм. Тус яам зөвшөөрлийг өгөхдөө хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр эсвэл кембриджийн хөтөлбөртэй адилаар тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх нь нээгдсэн сургуульд л олгодог байна. Гэтэл Япон, Америк, Сингапур хөтөлбөртэй гэдэг хэрнээ өөрийн гэсэн байргүй, багшлах нөөц хүрэлцээгүй, албан ёсны эрхгүй сургуулиуд байгаа аж.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Тухайн сургуулиудын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцсэн эрх бүхий багшийн тоо хүрэлцээгүй байгаа зөрчил байгаа нь сургалтын чанарт муу нөлөө үзүүлж байна. Жил бүр Боловсрол соёл, шинжлэх, ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн статистикт олон улсын хөтөлбөрт сургуулиудын талаар мэдээлэл байхгүй. Тийм учраас энэ талаарх мэдээлэл иргэд, олон нийтийн дунд хаалттай байдаг. Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй сургуулийн мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй байлгах хэрэгтэй” гэв.
Шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиудын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн зориулалтын бус газарт сургалт явуулж, мэргэжлийн бус гадаад иргэнээр хичээл заалгаж байсан нь тогтоогджээ. Одоогоор зөрчил илэрсэн сургуулиудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөөд байгаа аж. Харин дараа нь мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн Хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал мэдээлсэн юм. Улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтад мах боловсруулах, мах төхөөрөх нийт 244 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ҮЙЛДВЭРИЙН АРГААР БЭЛТГЭСЭН МАХААР ХАНГАНА
Тэрбээр хэлэхдээ “Мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэр жилд 10 орчим сая бог, 1.9 сая бод, нийт 11.6 сая толгой мал төхөөрөх боломжтой гэсэн судалгаа гарсан. Хяналт, шалгалтын явцад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил нийтлэг илэрсэн. Шалгалтын явцад 14 үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоосон ч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлөө арилгасан зарим үйлдвэрийнх нь үйл ажиллагааг буцаан нээсэн. Цаашдаа Мэргэжлийн хяналтын байгууллага нийтийн хэрэгцээнд буюу сургууль, цэцэрлэгт хэрэглэдэг мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бэлтгүүлэх, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах арга хэмжээ авч ажиллана” гэлээ.
ЗӨРЧИЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД НИЙТ 32 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВСАН
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Т.Балжинням “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах боловсруулах нийт 186 аж ахуйн нэгжид таван чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Мөн тусгай чиг үүргийн байгууллагуудтай хамтран мал төхөөрөх үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар шалгалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд мал төхөөрөх үйлдвэрүүд нь ихэвчлэн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Хяналт шалгалтад давхардсан тоогоор 46 аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс 26 аж ахуйн нэгжид зөрчил илэрсэн байна. Нийтлэг илэрч байгаа зөрчил нь ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд мал төхөөрөх үйл ажиллагааг явуулсан, тухайн мал амьтан нь гарал үүслийн гэрчилгээгүй, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй, гүний худгаас ашиглаж буй усаа шинжилгээнд хамруулаагүй байсан. Иймд Зөрчлийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжүүдэд нийт 32 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.
Монгол Улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37