Сайжруулсан түлшний нийлүүлэлт  зарим хороодод жигдэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллалаа. Дээрх цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж.

Борлуулагч Д.Цэцэгмаа “Манайх гэр бүлээрээ ажиллаж, үйлдвэрээс ирж байгаа сайжруулсан түлшээ хашаандаа буулгаж шигшин шуудайлж өдөртөө 10 тонныг савлан борлуулдаг. Сүүлийн үед нийлүүлэгдэж буй түлш бутрах нь харьцангуй гайгүй болсон нь хэмнэлтийг үүсгэж байна, шигшээд шуудайлж савлахад гарсан нунтаг хогоо эргээд “Таван толгой түлш” компани руу ачуулдаг, цэгийн үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжилдэг, түлш тасарсан тохиолдол байхгүй, харин иргэдийн хувьд картаа мартах, төвөгшөөх хандлага нэлээд ажиглагддаг” гэж нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Танай борлуулалтын цэг их нямбай, зохион байгуулалт сайтай, түгээлт жигдэрсэн сайн хэрэг. Иргэд сайжруулсан түлшээ картаар авч хэвшвэл олон давуу талтай. Тухайлбал, хяналтын картаа байнга идэвхтэй хэрэглэснээр бид нүүрсний хэрэглээг хянах боломжтой болно, хөдөө орон нутаг руу түлш ачигдах магадлал буурна, мөн хяналтын картаа тогтмол сайн хэрэглэсэн айл жилээс  айл өрхүүдэд түлшний урамшуулал олгохоор төлөвлөж байгаа. “Таван толгой түлш” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болохоор нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Та бүхэн гэр бүлээрээ ажлын байр бий болгож, дүүрэг хорооныхоо  иргэдийг дулаан өвөлжүүлэхийн төлөө зүтгэл гарган  ажиллаж байгаад танай гэр бүлд баяртай байна, ажлын амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.83) 2019 оны 11 сарын 27

Юун хөдөө явах вэ шахмал түлшнээс бүгд айж ичиж байхад чинь. Хүхрийн ислийн хортой хий өндөр түвшинд ялгарч байгаа шүү. Хүүхдэд их муу нөлөөтэй шүү

0  |  0
Top