Японд суралцуулж, Монголд ажиллуулах болзолтой ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Иений хөнгөлөлттэй зээлээр буюу “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийг 2014 оны гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 2023 оны гуравдугаар сар хүртэл нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 20 жилийн хугацаанд эргэн 0.2 хувийн хүүтэй 7.5 тэрбум төгрөгийн иений зээлээр 1000 гаруй оюутныг Японы их, дээд сургууль болон Коосэн сургуульд суралцуулахаар төлөвлөсөн юм. 

Коосэн сургалтын хөтөлбөр /Коллежийн хөтөлбөр/

Япон улсын Коосэн сургуулиудтай хамтран оюутнуудыг ШУТИС-д 1.5 жилийн хугацаанд дээд боловсролын суурь хичээл болон Япон хэлний бэлтгэлд хамруулна. Үүний дараа оюутнууд шалгалт өгч тэнцсэн тохиолдолд Механик инженер, Цахилгаан электроник, Мэдээллийн систем, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Барилгын архитектур, Материал судлал зэрэг мэргэжлээр Япон улсад дэд бакалаврын боловсрол эзэмших юм. Монголд суралцах 1.5 жилийн сургалтын төлбөрөө оюутан өөрөө 100 хувь төлнө. Харин Япон улсад суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг төслийн санхүүжилтээр буюу зээлээр төлөгдөнө. Коосэн сургуульд гурван жилийн хугацаанд амжилттай суралцан төгссөн оюутан Монголд тогтвор суурьшилтай таван жил ажиллавал сургалтын зээл нь чөлөөлөгдөж, тэтгэлэг болно. 

Бакалаврын сургалтын хөтөлбөр

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Механик тээврийн сургуульд 2.5 жилийн хугацаанд суралцан, Японы Инженер, технологийн их сургуулийн гуравдугаар курсээс эхлэн хоёр жилийн хугацаанд суралцаж, Монгол, Япон хоёр улсын их сургуулийн хос бакалаврын зэргийн дипломтой төгсөх боломжтой. Коосэн сургалтын хөтөлбөртэй адил Монголд байх хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө төлөх ба Япон улсад суралцах хугацааны сургалтын төлбөрийг зээлээр олгож, Монголдоо таван жил ажилласан тохиолдолд уг зээлийг тэтгэлэг болгоно. 

Магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөр

Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр МУИС болон ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, залуу багш нар хамрагдана. Сургалтын төлбөр, амьжиргааны зардал дээр дурьдсантай адил байна.
 


“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай “Төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд үндсэн гурван хөтөлбөрөөр 1000 орчим оюутныг Японы сургуулиудад сургах, мэргэжил олгох зорилготой. Энэхүү хөтөлбөр хэрэгжээд тав дахь жилдээ үргэлжилж байна. Коосэн буюу коллежид суралцсан эхний 25 төгсөгч өнгөрсөн гурван сард Монголдоо ирэн мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн магистр, докторын хөтөлбөрт 94 иргэн хамрагдахаас одоогийн байдлаар 24 магистр, 16 доктор амжилттай төгсөн МУИС, ШУТИС-д багш мэргэжлээр ажиллаж байна” гэсэн юм.
 


МУИС-ийн Лаборант Д.Сумъяаханд “Би МУИС-д Лаборантаар ажиллаж байгаад Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалан есдүгээр сард Монголдоо ирэн ажиллаж байна. Докторын зэргээ сэтгэл гутрал, томуу, хүүхдийн хатгалгаа гэх гурван төрлийн өвчин илрүүлэх систем дээр ажиллан хамгаалсан. Миний Япон улсад судалгаа хийх болсон шалтгаан нь Монгол Улсын агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, ачаалал зэрэгт тус нэмэр болох үүднээс хүүхдийн хатгалгаа илрүүлэх системийг туршиж хэрэгжүүлсэн. Сурч байх хугацаандаа Монголд ирэн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт системээ туршиж үзэн амжилттай хэрэгжүүлсэн” гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top