Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудын санаачилгаар анх 10 жилийн өмнө мэндэлсэн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадам өнөөдөр /2019.11.30/ болж, энэ оны шилдгээ шалгарууллаа.
Энэ жил нийтлэл 142, радио нэвтрүүлэг 35, нийгмийн реклам 51, мултимедиа бүтээл 10 гаруй, телевизийн нэвтрүүлэг 29 тус тус шалгаруулалтад нэр дэвшжээ. Найман их, дээд сургуулийн оюутнууд оролцсон "Алтан үзэг" наадмын гранпри шагналыг МУИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан н.Ичинноров “Үе хооронд ялгаа бий юу” мултимедиа нийтлэлээр хүртлээ. Өөрийнхөө асуудалд хариулт хайж, судалж эхэлснээр энэхүү нийтлэлээ бичсэн нь нийгэм, харилцаа, нийгмийн олон асуудлыг хөндсөн бүтээл болсон ба уншдаг, сонсдог, үздэг нийтлэл юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг дэмжих, тэдний авъяас чадварыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг практиктай холбох, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилгоор тус наадмыг ийнхүү 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим зохион байгуулалтад хамтран оролцсон байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэсээс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр эдгээр сургуультай хамтран ажиллажээ.
“Алтан үзэг” наадам нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультмедиа нийтлэл гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодруулдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )