НАСА “Союз” хөлгийн хоёр суудлыг худалдан авна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 2021 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд өөрсдийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад хүргэх зорилгоор ОХУ-ын “Союз” сансрын хөлөгт хоёр суудлыг худалдан авахаар болжээ.

НАСА, Роскосмос компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу АНУ-ын сансрын нисэгч Кристофер Кэссиди Олон улсын сансрын станц руу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Союз” хөлгөөр хамгийн сүүлийн удаа нисэж, станц дээр тухайн оны аравдугаар сарын 22-ныг хүртэл байрлах юм.

Роскосмос 2020 оны аравдугаар сарын 14-нд хөөрөх “Союз МС-17” болон 2021 оны дөрөвдүгээр сард хөөрөх “Союз МС-18” хөлгийн багт тус бүр Оросын гурван сансрын нисэгчийг томилсон нь тодорхой болсон. Үүнээс өмнө буюу аравдугаар сарын сүүлээр НАСА агентлаг эдгээр хөлгүүдэд тус бүр нэг суудал авах хүсэлт ирүүлсэн байна. НАСА агентлаг 2021 оны есдүгээр сард өөрийн сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж буй бөгөөд ямар нэг саатал гарсан тохиолдолд АНУ-ын дор хаяж нэг сансрын нисэгч Олон улсын сансрын станц дээр ажиллах боломжтой болох юм. Эс бөгөөс 2020 оны аравдугаар сараас эхлэн тус станц дээр АНУ-ын ганц ч сансрын нисэгч үлдэхгүй юм.

2011 онд АНУ-ын “Space Shuttle” сансрын хөлөг ашиглалтаас гарснаас хойш Америкийн сансрын нисэгчдийг Оросын “Союз” хөлгөөр тээвэрлэж байгаа билээ. АНУ-ын сансрын нисэгчдийн Олон улсын сансрын станц дээр хүргэхээр “SpaceX” компани “Crew Dragon”, “Boeing” компани “Startliner” гэх өөрсдийн загварыг бүтээгээд байгаа юм.

Энэ оны гуравдугаар сард “Crew Dragon” хөлөг туршилтын нислэг үйлдсэн бол “Startliner” хөлөг арванхоёрдугаар сард Олон улсын сансрын станц руу нисэх баггүй хөөрөх юм. Ирэх оны эхний хагаст тус хоёр хөлөг нисэх багтай туршилтын нислэг үйлдэх бөгөөд үүний дараа НАСА агентлаг байнгын нислэг үйлдэх эсэхийг шийдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top