Азийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй ONE холбооны удирдлагууд Монгол Улсад ажиллах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, санал солилцсон байна. Холимог тулааны ONE холбооны дэд ерөнхийлөгч Рич Франклин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын тухай болон тамирчны танилцуулга бүхий богино хэмжээний кино хийхээр Монгол Улсад ажилласан нь энэ аж.
“Монгол Улсын Ерөнхийлөгч холимог тулаан тэр дундаа ONE холбооны талаар мэддэг, сүүлийн тулаануудыг ч үзсэн гэдгээ хэлсэн. Киноны зураг авалтад туслахаас гадна цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ ч илэрхийлсэн. Миний болон хамтран зүтгэгчдийн анхаарлыг татаж, сэтгэлийг хөндсөн улс Монгол Улс байлаа ” гэж ONE холбооны дэд ерөнхийлөгч Рич Франклин ярьжээ.
Холимог тулааны ONE холбооны албан ёсны тулааны өмнөх нэр хүндтэй шат болох “ONE Warrior” цуврал тулаанд Монгол Улсын тамирчин О.Пүрэв хөнгөн жингийн эхний тулаанаа хийх юм. Энэ сарын 04-ний өдөр болох энэ тулаанд олон хүн найдлага тавьж буй. Түүнчлэн Монголын тамирчин З.Шинэчагтга ONE холбооны мэргэжлийн тулааны гэрээ байгуулаад удаагүй байгаа билээ.
Монгол Улс болон бүртгэлтэй тулаанчийн албан ёсны танилцуулга видео энэ долоо хоногт ONE холбооны албан ёсны цахим хуудаст албан ёсоор орох аж.
Сэтгэгдэл ( 0 )