Домогт Лионель Мессигийн талаарх СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Аргентины шигшээ болон Испанийн “Барселона” багийн ахлагч, довтлогч Лионель Андрес Месси 2019 оны шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч, Алтан бөмбөгийн эзнээр тодорлоо. Ингэснээр тэрбээр тус шагналыг зургаан удаа гардсан цор ганц тоглогч болсон юм. Домогт хөлбөмбөгчний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

-Месси Аргентины алдартай тэмцэгч, хувьсгалч Че Геваратай /1928-1967/ нэг өдөр төржээ.

-Бяцхан Лионельд өсөлтийн дааврын согог гэсэн онош тавьжээ. Эмч нарын хүчин чармайлтын ачаар алдарт хөлбөмбөгч 169 см болж өссөн. Эс бөгөөс тэрбээр 140 см хүрэхгүй байх байв.

-Залуу Лионелийн авьяасыг биширсэн “Барселона” багийн захирал Карлес Рексач түүнтэй амны салфетка дээр гэрээ байгуулж, гарын үсэг зурж байжээ. Хожим нь Карлес Рексач Лионелийн эмчилгээний зардлыг дааж, гэр бүлээрээ Испанид нүүж ирэхэд нь тусалж байв.

-Месси Испанийн иргэншлийг 2005 онд авчээ. Тэрбээр Аргентин, Испанийн хоёр паспорттай.

-Өөрийнхөө “10” дугаарыг Лионель Роналдиньогоос өвлөн авсан.

-Домогт хөлбөмбөгчнийг “цөмийн бөөс” гэж хочилдог. Түүний багийнхан ингэж түүний хурдыг үнэлдэг.

-Хэрэв “Барселона” баг ямар нэгэн шалтгаанаар гэрээг цуцлах аваас Лионель Мессид 330 сая ам.доллар төлнө. Түүнтэй байгуулсан гэрээ 2021 он хүртэл хүчинтэй бөгөөд сард 2.5 сая ам.долларын цалин өгөх заалттай.

-2012 онд агуу Месси Туркийн “Turkish Airlines” компанийн албан ёсны нүүр царай болсон.

-Хөлбөмбөгийн ертөнцөд Лионель Месси амидаатай. Хоёр дахь Лионель Месси Камерунаас гаралтай бөгөөд одоогоор алдар нэрд төдийлөн гараагүй нэгэн. Гэхдээ тэрбээр Францын “Анже” багтай гэрээ байгуулаад амжсан.
-2013 онд Японы загвар зохион бүтээгч Гинза Танака Мессигийн зүүн хөлийн улны хэвийг алтаар урласан. 25 кг жинтэй “алтан ул” 5.25 сая ам.долларын үнэтэй. Гэхдээ энэ бүтээлээ Танака буяны зорилгоор урласан бөгөөд олсон ашгаа Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамид өртсөн хохирогчдод тусламж болгон хандивлажээ.

-Месси гурван хүүхэдтэй. Түүний үзэсгэлэнтэй эхнэрийг Антонелла Рокуццо гэдэг. 2013 онд Месси хүү Тиагогийн нэрийг хөл дээрээ шивүүлж байжээ.

-Forbes сэтгүүл Лионель Мессиг 2019 оны хамгийн баян тамирчин, хөлбөмбөгчөөр тодруулжээ. 127 сая ам.долларын орлоготой Месси Adidas, MasterCard, PepsiCo зэрэг томоохон компаниудтай 35 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хөлбөмбөгч Adidas компанитай насан туршийн гэрээ байгуулжээ. Түүний активын хэмжээ 320 сая ам.доллароор үнэлэгддэг.  

Спортын карьерын бүхий л хугацааг Лионель Месси “Барселона”-д зориулж буй. Тэрбээр анх удаа энэ багтай 2004 онд талбайд гарсан. Аргентины амьд домог Испанийн 10 удаагийн аварга, Испанийн цомын зургаан удаагийн аварга, Супер цомын найман удаагийн эзэн, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга, UEFA супер цомын гурван удаагийн эзэн, Дэлхийн аваргын клубын гурван удаагийн аварга.

Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо Месси 2008 оны Олимпын наадмын алтан медаль, 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, шилдэг тоглогч, Америкийн цомын гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэж байв. Түүнийг FIFA 2009, 2019 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэсэн юм.

Европын улирлын шилдэг довтлогчид олгодог “Алтан пүүз”-ийг зургаантаа хүртэж, Аваргуудын Ли, Испанийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор зургаан удаа тус тус шалгарч байв. Тэрбээр Аваргуудын лигийн шилдэг довтлогчдын жагсаалтад 114 гоолын амжилтаар хоёрт бичигдэж, Испанийн снайперуудын жагсаалыг 428 гоолын амжилтаар тэргүүлдэг.

Агуу Месси хуанлийн нэг жилд хамгийн олон тооны буюу 91 гоол /2012/ оруулсан дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunchimeg(66.181.186.92) 2024 оны 03 сарын 27

Баярлалаа гоё түүх байна

2  |  0
Top