Н.Мөнхбилэг: Бидний хэрэглэж байгаа юм бүхэн эрдэс баялгийн салбартай холбогддог

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Монгол Улс дэлхийн геологийн шинжлэх ухаанд тод ул мөрөө үлдээсэн арвин их баялагтай орон. Тухайлбал, монголит, армстронгит зэрэг эрдсүүд, онгонит хэмээх чулуулгийг Монголоос олж дэлхийн геологийн сан хөмрөгт шинээр бүртгүүлж байжээ. Цаашлаад үнэт, ховор металлын хүдэр, өнгөт эрдэнийн чулуу, нүүрс, газрын тос, барилгын материалд ашигладаг маш олон төрлийн ашигт малтмал манай оронд бий гэдэг. Тэгвэл эрдэс баялгийн салбарын төрөл бүрийн мэдээллийг цуглуулан  боловсруулж, цаашлаад дотоод гадаадын хэрэглэчдэд шуурхай түгээх боломжтой  геомэдээллийн үндэсний нэгдсэн сан байгуулах хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байнаа. Улсын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаа болон геологи, эрдэс баялгийн салбарын зарим асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн дарга Н.Мөнхбилэгтэй ярилцлаа. Тэрбээр 1995 онд МУИС-ийг геологич мэргэжлээр төгссөнөөс хойш салбартаа ажиллаж байна.

-Таныг оюутан байх үед Монголын геологийн салбар ямар байсан тухай яриагаа эхлүүлье?

-1960-1980-аад онд МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх салбар гэж байснаа Политехникийн дээд сургууль руу шилжиж их сургуулиас тусгаарлагдсан. Политехникийн дээд сургууль нь геологийн инженерийг дагнан бэлтгэдэг байсан юм. Тиймээс инженерээс гадна шинжлэх ухааны судалгаа хийдэг геологич хэрэгтэй болж , эрдэс баялгийн  боловсролын салбарыг өргөжүүлэх шаардлагатай болсноор 1991 онд МУИС-д хоёр дахь удаагаа геологийн салбарыг  байгуулсан. Тэр үед  анхны элсэгчдийн нэг нь болж орсон би азтай байсан. Улмаар 1995 онд МУИС-ийг геологич мэргэжлээр төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн. Тухайн үед намайг удирдан чиглүүлж байсан С.Дашдаваа багш Монголдоо бэлтгэгдсэн анхны геологич байв. Шинжлэх ухааны талаасаа судалгаа эрчимтэй хөгжиж байсан үе бол 1970-1990 он. Харин хэрэглээ талаасаа геологи хайгуулын ажил эрчимтэй явагдаж байвал үйлдвэрлэлийн геологийн салбар хөгжиж байгаагийн илрэл. 2000-аад оноос хойш шинжлэх ухааны талын судалгаа арай өөр түвшинд очжээ. Япон, Америк, Солонгос, Канад зэрэг барууны өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн залуу судлаачдын тоо нэмэгдэж байна. Миний хувьд кристолограф буюу талст судлал, минералоги буюу эрдэс судлалаар МУИС-д анх хичээл заадаг байсан. Одоо судалгаа, онолын ажлаас холджээ.

-Таны хариуцаж байгаа Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн тухай уншигчдад ойлгуулахын тулд эрдэс баялаг гэдэг ойлголтоо нэгтгэе. Эрдэс баялаг гэж юу вэ?

-Эрдэс гэдэг химийн элементүүдийн нэгдэл хатуу биет юм. Олон улсын шинжлэх ухааны нэршил нь минерал гэнэ. Аж үйлдвэр болон бусад салбарт хэрэглэгдэж эдийн засгийн хувьд үр ашигтай байх ашигт эрдсүүдийн бөөгнөрлийг ашигт малтмал гэнэ. Ашигт малтмал бол баялаг. Тиймээс эрдэс болон баялаг нийлэхээрээ маш өргөн хүрээнд яригдах ойлголт юм. Жишээлбэл, ус бол байгалийн баялаг. Тэгэхээр эрдэс баялагт уснаас авахуулаад бүх төрлийн байгалийн амьгүй баялагийг хамааруулж ойлгож болно.

-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвд хэчнээн төрлийн эрдэс баялгийн нөөц байдаг вэ?

-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн үндсэн чиг үүргийн нэг нь Газрын хэвлийн хуульд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тогтоогдсон бүх төрлийн ашигт малтмалын нөөцийг бүртгэдэг “Ашигт малтмалын улсын нөөцийн нэгдсэн сан”-г хөтөлдөг. Ашигт малтмалын ордын нөөц тогтоогдоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж, “Эдийн засгийн үр ашигтай, үйлдвэрлэлд хэрэглэж болох нөөц мөн” хэмээсэн бол хурлын дүгнэлтийг үндэслээд Эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тухайн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэхийг даалгадаг. Өнөөдрийн байдлаар 80 орчим төрлийн 2100 орчим орд улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэлтэй байна. Үүнээс гадна манай мэдээллийн төв нь геологи, эрдэс баялгийн бүх төрлийн судалгааны мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, мэдээллээр үйлчлэх үүрэгтэй. Энэ хүрээндээ геологийн судалгааны үед тогтоогдсон ашигт малтмалын илрэлүүдийг бүртгэж сан үүсгэдэг. Ашигт малтмалын илрэл гэдэг нь зохих шалгуурыг хангавал ашигт малтмалын орд болох магадлалтай. Гэхдээ илрэл болгон орд болдоггүй.

-Жилийн хугацаанд дунджаар хэдэн орд шинээр тогтоодог вэ?

-Хайгуулын ажлын явц, хөрөнгө оруулалт зэргээс шалтгаалж харилцан адилгүй тоо хэмжээний ордуудыг нээн илрүүлж байна. Хөрөнгө оруулалт хангалттай, хүний нөөц бэлэн байвал хайгуулын ажил эрчимтэй явагдана. Эрчимжихийн хэрээр ашигт малтмалын ордыг нээн илрүүлэх ажил сайжирч, нөөц арвижина.

-Сүүлийн 10 жилийн байдлаар бүртгэгдсэн ашигт малтмалын ордын тоо, хэмжээнээс харвал ямар дүр зураг гарах бол?

-Ашигт малтмалын ордыг илрүүлэх ажлын тоо хэмжээ тогтворгүй байдаг. Уналт болон өсөлттэй үеүүд бий. Жишээлбэл, өнөөдөр хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ажлын үр дүн багадаа хоёр жилийн дараа гардаг. Геологийн ажил улирлын шинж чанартай, хөрөнгө оруулалтаас шалтгаалж явагддаг онцлогтой. Ашигт малтмалын төрөл ч илрүүлэлтийн хугацаанд нөлөөлнө. Энэ бүхнийг харгалзаад ашигт малтмалын ордын илрүүлэлт, ажлын үр дүнг тухайн жилээр нь гаргах аргагүй юм.

-Уул уурхай, ашигт малтмал нь ихэвчлэн гаднын улсаас хөрөнгө оруулдаг онцлогтой салбар. Хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх хэрэгтэй вэ?

-Юун түрүүнд хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг ээ тодорхой мэдэх нь хөрөнгө оруулагчдад  чухал. Ихэвчлэн юун түрүүнд  хайгуулын ажилд хөрөнгө оруулна. Хайгуулын ажил хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, хэмжээ тодорхой хэмжээгээр ихэсч байж хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Нэг жишээ хэлье. 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоосонтой холбоотойгоор 2012-2015 оны хооронд хайгуулын ажил харьцангуй   бага хийгдсэн. Хөрөнгө оруулалт эрс багассан. Түүнийг дагаад Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн сан хөмрөг баяжих нь мөн багассан гэж хэлж болно. Гэтэл Монгол улсын хувьд Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө их. Хайгуулын ажил эрчимтэй байх үед орон нутгуудад ч тодорхой хэмжээний эдийн засгийн эерэг өөрчлөлтийг авчирдаг. Мөн дэлхийн зах зээл дээр  эрдэс баялгийн хэрэгцээ, үнэ буурвал уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг тоон мэдээллүүдээс харж болно.

Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс дэлхийн 60 орны хэрэглэгч мэдээлэл авдаг

-Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв 2016 онд байгуулагдсан. Ямар шаардлагын үндсэн дээр байгуулагдсан бэ?

-Гадаад шаардлага нь гэвэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагч нарыг татах хэрэгцээ шаардлага үүссэн. Хөрөнгө оруулагчийг татах гол хөшүүргийн нэг бол үнэн бодит, хэрэгцээтэй, цаг хугацаа хоцроогүй, гаднын хөрөнгө оруулагчид байгаа газраасаа шууд авах боломжтой мэдээлэл юм. Эдгээр мэдээллээр хөрөнгө оруулагчдыг хангаж чадвал хөрөнгө оруулах итгэл үнэмшил, сонирхол өснө. Дотоодын шаардлагыг энд нуршин дурьдах нь илүүц биз наад зах нь бодлого боловсруулагчдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах явдал юм. Мөн геологи хайгуулын ажил хийж байгаа, мэдээлэл дутагдаж байгаа бүх хүмүүст геологийн мэдээллийн хэрэгцээ байсан. Геологийн судалгааны ажил хийгдэж эхэлснээс хойш уламжлалт мэдээллүүд хадгалагдаж явсан ч гэсэн цахим мэдээллийн баазыг буй болгосон нь өгөөжөө өгч байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар гэхэд манай төвийн санаачлан хэрэгжүүлсэн цахим каталогийн хувьд 100 гаруй мянган хэрэглэгч манай системд хандсан байна. Нарийвчилбал, дэлхийн 60 орчим орны хэрэглэгчид мэдээлэл авч, тэдний гуравны нэг нь дахин системд хандсан байгаа юм. Салбарын 80 гаруй жилийн хөгжлийн хугацаанд цугларсан мэдээллийг цахимжуулах, боловсруулах, сүүлийн үеийн технологийг ашиглан нэгтгэж нэгдсэн сан үүсгэх шаардлага маш их байна.

-Гурван жилийн хугацаанд геологийн мэдээллээр дутагдаж байгаа хүмүүст хүрэх зорилго нь хэр биелсэн бэ. Ямар ажлууд хийв?

-Мэдээллийн хэрэгцээг ямар нэг тоон үзүүлэлтээр баримжаалж хэлэхэд хэцүү. Хүмүүсийн мэдээлэл авах хэрэгцээ дуусддаггүй. Бид тоо, хүснэгт, бичгэн мэдээллээс гадна  зурган мэдээллийг түлхүү бэлтгэж байгаа онцлогтой. Сүүлийн үед уншихаас илүү дүрслэлийг харж илүү мэдээлэл авч байна. Мэдээллийг агуулсан зургийн файлуудыг хооронд нь нэгтгэх замаар шинэ зураг зохиож мэдээлэл бэлтгэж байна. Манай төвөөс  хээрийн судалгаанд явж байсан геологичдийн тэмдэглэлийн дэвтрийг ч авч үзэх боломжтой. Монгол Улсын хэмжээнд олж тогтоосон ашигт малтмалын орд, илрэлийг буулгасан 1:1 000 000 масштабтай зургийн сүүлийн хувилбарыг гарган нийтийн хүртээл болголоо. Үүнээс гадна дээр дурьдсан  “Монгеокат” гээд Дэлхийн гео орон зайн шилдэг бүтээлээр 2018 онд шалгарсан каталогийн систем манайд байна. Мэдээж манай энэхүү системээр мэдээллийг монголоос гадна англи хэлээр авах боломжтой.

-Мэдээлэл бэлтгэхдээ технологийн хөгжүүлэлтээ яаж хийдэг вэ?

-Бид шинээр зохиосон программ хангамж  гаргахгүй ч гэсэн геологичдийн сайн мэдэх “ArcGIS” гэж хамгийн өндөр технологийн зургийн программыг албан ёсны эрхтэй хэрэглэдэг. Төрийн байгууллага учраас мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Өнгөрсөн жил улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник технологио шинэчилсэн бол энэ жил нэг тэрбум гаруй төгрөгөөр мэдээллийн сангаа шинэчилнэ гэж төлөвлөсөн байгаа. Дэлхийд эрдэс баялаг, уул уурхайн салбартай улс бүрт Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан байдаг. Манай улс ч гэсэн Үндэсний геомэдээллийн нэгдсэн сан байгуулах хөтөлбөрийг энэ онд эхлүүлээд явж байна. Энэ сан нь геомэдээллийн тус тусдаа байгаа бие даасан сангуудыг нэгтгэж, нэгдсэн байдлаар хөтлөх боломжийг бүрдүүлэх асар их ач холбогдолтой юм. Ингэснээр өөр сангууд дээр харилцан адилгүй мэдээлэл байршиж мэдээлэл авагч хүний толгойг эргүүлэхгүй гэсэн үг. Тухайн мэдээллийн сангуудын бэлтгэгдсэн суурь системүүд болон үүссэн зорилго, цаг хугацаа өөр учраас мэдээллийн санг нэгтгэхэд бэрхшээлүүд байна. Ерөнхийдөө 2023 он хүртэл үндэсний геомэдээллийн санг нэгтгэх хөтөлбөрийн ажил үргэлжилнэ.

УУХҮЯ-ны чиг үүргийн хүрээнд хийсэн геологийн судалгаа,  ажлын мэдээллийг бүрэн цуглуулсан

-Мэдээллийн сан бүрдүүлэлтийн хэмжээг хувиар илэрхийлбэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Одоо байгаа түвшинг харвал мэдээлэл бүрдүүлэлт сайн явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн судалгааны ажлууд ерөнхийдөө бүрдэж байгаа. Уул уурхайн салбар нь устай зайлшгүй холбогддог учраас энэ чиглэлийн сүүлийн үеийн мэдээллийг хүмүүс их сурдаг. Гэтэл энэ мэдээлэл маань БОАЖЯ дээр хөтлөгдөж байна. Геологийн хүрээлэн гэхэд өөр яаманд харьяалагддаг учраас тэдний мэдээлэл бүрэн цугларч чадахгүй байна. Геологийн чиглэлийн сургуулиуд дахь судалгааны ажлын мэдээллүүд мөн бүрэн цуглараагүй. Судалгаа хайгуулыг нь Монгол Улсад хийсэн хэрнээ гадаадад хадагалагдаж байгаа ялангуяа ОХУ-д үлдсэн судалгааны ажлуудын мэдээллээ ч гэсэн бүрэн цуглуулах болон дээрх цугларч гүйцээгүй байгаа мэдээллүүдийг нэгтгэж дуусгах нь манай төвийн  нэг үүрэг болж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны чиг үүргийн хүрээнд хийсэн геологийн судалгаа болон ажлын мэдээллийг бүрэн цуглуулсан. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн чиг үүрэгтэй байгууллагууд хамтран ажиллах уялдаагаа сайжруулж, харилцан мэдээллээ солилцвол тус дэмтэй гэж бодож байна.

-Хөрөнгө оруулалт чухал. Гэхдээ геологи тэр дундаа эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд дутагдалтай зүйл юу байна вэ?

-Нэгдүгээрт, тогтвортой бөгөөд тодорхой хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ хэрээр хөрөнгө оруулагчид орж ирнэ. Үүнээс гадна зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл бол эрдэс баялгийн салбарын талаарх олон нийтийн дундах хандлага, мэдлэгийг өөрчлөх хэрэгтэй. Орон нутгийн иргэдийн дэмжлэггүйгээр эрдэс баялгийн салбарын ажил урагш явахад бэрх.

-Тэгвэл эрдэс баялгийн салбарын үр өгөөжийн талаар тодруулъя?

-Хүн бүр өөрсдийн хэрэглэж байгаа зүйлээ бодох хэрэгтэй. Гар утас, телевиз, машин, нүүрэндээ хэрэглэж байгаа тос, магадгүй идэж байгаа хоол хүнснээс нь ч гэсэн эрдэс баялгийн салбартай холбогдоно. Хэрвээ таны эргэн тойронд байгаа ганцхан хүний өмсөж, зүүж, хэрэглэж байгаа зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг судлаад үзвэл талаас илүү хувь нь эрдэс баялгийн салбартай шууд болон шууд бус байдлаар холбогдоно гэж бодож байна. Эдгээр хэрэглээгээ хангаж байгаа бүтээгдэхүүнүүдээ яаж бий болж байгааг бодоод үзвэл, түүхий эд нь ашигт малтмал байж таарна. Монгол Улсаас анх нээгдсэн чулуу, эрдэс бий. Мөн динозавр нь өндөг гаргаж үржиж хөгждөг гэдгийг анх Монголоос олдсон олдвороос дэлхий дахин мэдэж авсан шүү дээ. Тиймээс Монгол Улс дэлхийн геологийн шинжлэх ухаанд мөрөө үлдээсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top