М.Ганбаатар: Шахмал түлшний үнийг өсгөхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр /2019.12.04/ "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас зарим зүйлийг тодруулсан юм. 


-Түлшний үйлдвэрлэл ямар байна. Хоногт хэдэн тонн түлш үйлдвэрлэж байна? 

-Манай үйлдвэр Улаанбаатар хотын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн найман шугамын тоног төхөөрөмжөөр 24 цагаар тасралтгүй түлшээ үйлдвэрлэж байна. Удахгүй шинээр хоёр шугамын нэмэлт тоног төхөөрөмж ашиглалтад орно. Ингэхээр хүртээмж илүү нэмэгдэж, хэрэглээнээс давсан нийлүүлэлт бий болно. Одоогийн өдөрт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Харин хэрэглээ 2500 орчим тонн байгаа. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

-Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг иргэдэд картаар өгч буй нь зарим айл өрхийн байшингийн талбайн хэмжээнээс шалтгаалж хүрэлцэхгүй байна гэсэн гомдол байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Иргэдэд эдийн засгийн хувьд хэрэглээндээ тохируулан худалдан авах нь зөв гэж үздэг. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхдаа нэг, хоёр тонноор нь нөөцөлж авдаг байсан. Энэ нь хүйтний улирлаа дагаад нүүрсний үнэ өсдөгтэй холбоотой байсан. Иргэд энэ хандлагаасаа салаагүй байна. Одоо бол сайжруулсан түлшний үнэ өсөхөөс айх зүйлгүй. Нэг тонн түлш 150 мянган төгрөг, нэг шуудай нь 3750 төгрөг хэвээрээ байна. Өөрсдөдөө санхүүгийн дарамтгүйгээр өдөр тутамдаа түлшээ худалдан аваад байх боломж, давуу тал байгааг ойлгох хэрэгтэй. 

Нөгөө талаар нэг өрхөд долоо хоногийн хэрэгцээнд нь зургаан шуудай түлш өгч байгаа нь агаарын бохирдол, утааг бууруулахад үзүүлж байгаа нөлөөтэй шууд холбоотой. Зургаан шуудай бол айлын хэрэглээг бүрэн хангах, зохистой хэрэглээ юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нийт 450 мянган тонн нүүрс гэр хорооллын бүсэд хэрэглэгдсэн гэсэн тооцоо байдаг. Харин энэ оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 190 орчим мянган тонн түлш хэрэглэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Тэгэхээр түлш, түүхий нүүрснээс бараг гурав дахин бага хэрэглэгдэх боломжтой. Үүнээс агаарын бохирдлыг ямар хэмжээнд бууруулж байгааг харж болох байх. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах ажил урьд хожид хийгдэж байгаагүй том ажил. 20, 30 жил яригдсан ч шийдэлд хүрч чадаагүй ажил өнөөдөр биелэлээ олсон. Түгээлт, борлуулалтыг улам сайжруулахаар ажиллаж байна. 

-Картгүй иргэнд сайжруулсан түлш борлуулахгүй байхаар болсон. Энэ нь иргэдэд чирэгдэл үүсгэхгүй юу?

-Манай иргэд угаасаа борлуулалтын цэгээс картаа уншуулаад түлшээ авч байгаа. Энэ бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг маш тодорхой гаргаж ирнэ. Бид өмнө нь гүйцэтгэл дээр маш их алддаг байсан. Жишээлбэл, зуух тараадаг байсан. Хэрвээ бүгд 100 хувь зуухаа ашигласан бол магадгүй өнөөдөр үр дүн өөр байх байсан. Тэгээд түлш, халаагуур гээд олон арга хэрэглэж үзсэн. Бүгд гүйцэтгэл дээрээ алдсан байдаг. Тэгэхээр энэ цахим хяналтын карт бол хэн хэрэглэж байна, хэн хэрэглэхгүй байна гэдгийг бүрэн хянана.

Нөгөө талдаа өрхүүдийн хэрэглээний хэмжээг тогтоох боломжтой болно. Картыг нэвтрүүлсэн нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Магадгүй түлшнээс өөр зүйл хэрэглэж байгаа айл карт ашиглахгүй байна гэсэн үг. Карт хяналтын үүргийн гүйцэтгэх ч иргэд мөн зөв зохистой хэрэглээнд суралцана. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм. Адилхан байшинтай хоёр айлын түлшний хэрэгцээ өөр гараад байгаа нь хяналт тавих нөхцөлийг бий болгож байгаа юм. Ер нь агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.160.126) 2019 оны 12 сарын 04

Тэршбиш хорлоно шүү!!!!!

0  |  0
Top