Б.Бүргэд: Эх орон гэдэг хүний сэтгэлд багтаж байгаа бүхий л үнэт зүйлс

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Найрагч нөхдийн дунд урт гэзэгтэй ухаан тэгширсэн нэгэн залуу холыг ойртуулж, хоёрыг учруулж, Ар, Өвөр монголыг холбож яваа билээ. Хутагтын хишигт шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн Утга зохиолын төлөө шагналт тэрбээр Монгол туургатны утга зохиолын хөгжлийн төлөө бүтээн туурвиж, залуу насаа ном, эрдмээр чимжээ. “Монгол уламжлалын академи”-ийн эрдэм шинжилгээний ажилтан, Нийгмийн ухааны дээд сургуульд магистр хамгаалж, сургуульд монгол бичгийн багшаас эхлээд зам ангийн орчуулагч гээд хийж үзээгүй ажил надад үгүй гээд даруухан инээмсэглэх түүний уран зохиолын төлөө цохилох зүрх даанч элгэн халуун. Б.Бүргэд элэг нэгт монгол түмнээ тэмцэн ирж эгэлхэн атлаа эгэлгүй түүхийг бүтээхдээ МҮОНТВ-ийн “Хоймор” нэвтрүүлгийн хойморт заларч, “Заншлын хэлхээс” цуврал нэвтрүүлгийн хэлхээс болж монгол угсаатныг хэл соёл, утга зохиол, өв уламжлал дор нэгтгэж явна.

 

-Анх Монголд хөл тавьж байсан хийгээд утга зохиолын­хоо хүрээлэлд хэрхэн орж ирсэн тухайгаа дурсан ярина уу?

-Хамгийн анх 2004 онд Улаанбаатар хотод хөл тавьж, Богдын музейд амьдардаг байлаа. Нийслэл хоттойгоо танилцаад алхаж явтал монгол бичгээр “Нууц товчоо“ гэсэн хаяг хараад л ороод явчихсан чинь Зохиолчдын хороо байсан. Монгол бичгээр хаягласан болохоор нүднээ туссан нь тэр. Хоёр давхарт тэр үеийн зохиолчдын хорооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Чилаажав, А.Баяржаргал хоёр сууж байсан. Тэр хоёртой их л олон зүйл ярьсан санагдана. Надад урилга өгч Япон соёлын төвд зохиолчдын уулзалт дээр очлоо. Өмнө нь би Өвөрмонголд ажиллаж байхдаа Д.Урианхай, П.Бадарч, Б.Догмид гээд Монголын бүхий л зохиолчдын намтар, бүтээлийг Дэлхийн утга зохиол сэтгүүлд хөрвүүлж, найруулдаг байсан болохоор тэднийг бүгдийг нь танина. Сэтгэлдээ дээдэлж, шүтэж явсан зохиолчидтойгоо гар барьж танилцах завшаан ийнхүү олдсон. Улмаар Л.Хасар, Л.Ганзул , Б.Занданхүү, Б.Батсайхан найрагчидтай нийлээд л, хороогоор орж гарч, залуу үеийн найрагчидтайгаа танилцаж нөхөрлөсөн минь хамгийн сайхан үе. Хаана зохиолчид байна, тэнд л бужигнаж, гэр орноор нь хонож өнжөөд л явна шүү дээ.

-Та бол монгол туургатны яруу найрагчдын нэгэн өнгө болж яваа найрагч. Уран бүтээлийн богц арвин байна уу?

-Дээд Монголд  60-70 зохиолч бий. Англи, түвд, хятадаар бичдэг О.Цэрэндэндэв зохиолч байна, Х.Цэвсэг гэдэг зохиолч байна. Саяхан “Хар дарсан Хөх нуур” ном нь кирилл дээр хэвлэгдсэн П.Баян  зохиолч байна. Миний хувьд 2009, 2013 онд “Би оршихгүй”, “Хязгааргүйн мөрөөдөл” яруу найргийн ном гаргасан. 2015 онд “Хуучин танил” яруу найргийн ном хэвлэлтэд өгсөн боловч хэвлүүлж амжаагүй л байна. Дараагийн шинэ ном нь төрөх гээд л дуншаад эхэлчихсэн байдаг. /инээв/

 

-Утга зохиолын судлаачийн хувьд ямар, ямар ажил бүтээл гараас гаргав?

-Дээд Монголын яруу найрагч­дын бүтээлийн судалгааны эмхэтгэл “Яруу дуун1,2” цуврал ном эрхлэн гаргасан. Утга зохиолын хөгжлийг судлагч шүүмжлэгч нарт анталоги маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон учир сор болсон бүтээлийн цоморлиг гаргасан юм. Мөн түүнчлэн Монголын уран зохиолын яруу найраг, үргэл­жилсэн үгийн бүтээлүүдийг монгол бичигт хөрвүүлж 40 шахам ном хэвлүүлсэн байна.Үүнд Ардын уран зохиолч Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал зохиолч Ц.Буянзаяа, П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Сүхзориг, Т.Бум-Эрдэнэ, Болор цомын эзэн Б.Баттулга болон О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан гээд олон сайхан уран бүтээлчдийн номыг Өвөрмонголын уншигчдын гарт хүргэсэн. Үүний зэрэгцээ Монголын шинэ үеийн, нэн шинэ үеийн бүхий л зохиолчдын яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлээр “Цэцэгт цайдам” гэдэг монгол уран зохиолын сэтгүүлд хоёр дугаар гаргажээ.

-Уран зохиолыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа таны хувьд бид цаашид юу хийх ёстой гэж боддог вэ?

-Монголын уран зохиолыг хөгжүү­лэхэд монгол угсаатан өөрс­дийнхөө бүтээлийг сайн унших хэрэгтэй. Шидээвэр болсон бүтээлүүдийг үр хойчистоо үлдээх нь бидний үүрэг. Монголын уран зохиол нь уламжлалт нүүдэлчин ахуй амьдралын үеийн утга зохиол, суурин амьдрал руу шилжиж буй үеийн уран зохиол, суурьшмал амьдралын уран зохиол гэсэн гурван өнгө төрх ажиглагддаг. Монгол соёлтой хамаатуулж анталоги гаргах хэрэгтэй. Мон­гол соёл монгол туургатныг нэгтгэх учир судлаачдад маш хэрэгтэй судлагдахуун болно. Ар, Өвөрмонголд кирил, монгол бичгээр ном, бүтээл гаргаад байгаа учир нь тэр. Бид бие биеэ харилцан уншиж байж зөв ойлголцоно шүү дээ. Өвөрмонголд гаргасан номуудаа кирилл, монгол бичгээр хавсран гаргасан. Учир нь манай залуучууд кирил үсэг бичиг сурах хүсэл эрмэлзэлтэй байна. Уншиж сурахад гадаад хэл сурах дайны хүндрэлтэй зүйл гардаг л даа. Гадаад хэлээс орчуулах дайны л юм болдог. Кирил үсэг нь авиа дуудлага нь шууд дуудагддаг бол монгол бичигт хэвшсэн дүрмийн бичлэг ихтэй, үеэр галиглаж уншдаг. Дуудлага галиг, авиа тэмдэглэгээний хувьд ялгаж салгах зөрүүтэй зүйл их гардаг учир зарим үгийн утгыг зохиолчдоос нь лавлаж асуух шаардлага гардаг. Энэ бол гайхуулаад байх зүйл  биш. Ичмээр зүйл. Кирил үсэг байна уу, монгол бичиг байна уу нэг л хэл. Монгол туургатны судлаач, зохиолчид аль алийг нь л төгс эзэмших ёстой. Өнгөрөгч намар Өвөрмонголын залуу яруу найрагчдын бүтээлийг кирилл үсэгт буулгаж энд нээлтээ хийсэн. Нөгөөтэйгүүр утга зохиолын боловсролоо залуус өөрсдөө илүү гүн болгох хэрэгтэй. Бичгийн их мэргэдийн тухай уншиж байхад өөртөө маш их харамссан зүйл гэвэл түвд хэлийг сураагүй явдал. Түвд хэл дээр таван ухаанд гийсэн мэргэд 17-18 дугаар зуунд байжээ. Түвд хэлээс түүхийн үнэн, худлыг ялгаж харах судалгааны бүтээл арвин. Мөн гадаад хэлийг сайн сурч, дэлхийн уран зохиолын ай сав руу орсноор уламжлалт сэтгэхүй, бусдаас ялгарах менталитаа хадгалж үлдэх ёстой юм байна гэдгээ мэдэрнэ.

 

Би өөрийнхөө утга, уран зохиолынхоо мэдлэгийг дээш­лүүлж, хийж бүтээж буй бүтээлээ улам баяжуулан дэлгэрүүлэх зорилготой энд ирсэн. Дээд Мон­голоос ирсэн гэхээр мэдэх хүмүүс байна аа. Манай хэд сайн уу? гээд л асуудаг бол орчин үеийн залуус огт мэддэггүй юм байна лээ.

 

-“Монгол уламжлалын ака­деми”-аар дамжуулж  монгол туургатны олон оюутан залуус ирсэн. Өөрөөр хэлбэл та тэд­ний түүчээ, гүүр нь юм шиг санагддаг?

-Тус академид 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням абугайн үүсгэн байгуулсан энэ академи олон улсын эрдэм шинжилгээний хурлыг удаа дараа зохион байгуулсан. Найман жилийн хугацаанд зуны улиралд монгол туургатны 200-аад оюутныг сургалтад хамруулжээ. Нэг ээлжинд 20-30 хүүхэд ирдэг л дээ. Өвөрмонголын Шилийн гол, Хөлөнбуйр, Дээд Монгол, Шинжээн, Хөхнуурын монголчууд ирж өвөг дээдсийнхээ ариун гал голомтод мөргөж, сэтгэл дүүрэн, бахдан буцдаг. Тэдний ихэнх нь уран зохиолын ангийн оюутнууд байдаг учир хамгийн эхэнд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд очдог. Дараа нь Их эзэн Чингис хаан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аваачдаг. Тэднийг Түргэний гол, Жаргалант гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, түүхэн дурсгалт газруудтай танилцуулдаг. Үүнээс гадна Монголын алдарт уран бүтээл­чидтэй уулзуулдаг. Ардын жүжиг­чид, төрийн соёрхолт зохиолч, Ардын уран зохиолчид уран бүтээлчдийн ихэнх­тэй нь уулзуулсан.  Сүүлийн хоёр жилд Монголын залуу зохиол­чидтой уулзуулдаг болсон. Манай оюутны ихэнх нь Улаанбаатарт суралцаж, магистр, доктор хамгаалдаг.

-Таны үүсгэн байгуулсан “Гэр” хүүхдийн урланг хүмүүс их сонирхдог? Яагаад ийм урлантай болъё гэж шийдсэн бэ?

-Энэ санааг манай эхнэр гарга­сан л даа. Гэр бүлийн хүн маань сургуулийн монгол бичгийн багш. Хүүхдүүдэд онолын мэдлэгээс гадна ахуй амьдралд хэрэгтэй, юмхнаар юм хийдэг, ой ухаан, оюун тархи, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх сургалт хэрэгтэй юм байна гээд гурван жилийн өмнө энэ төвийг нээсэн. Манай хүүхдүүд юу хийхийг хүснэ, тэр бүхнээ хийдэг. Хийсэн бүтээлээр нь Хүүхэлдэйн театр, Залуучууд хүүхдийн театр, Урчуудын эвлэлийн зураач нартай хамтарч шинэ жилээр үзэсгэлэн гаргадаг. Энэ нь хүүхдүүдэд маш том урам зориг, дадал туршлага, өөрийгөө олж нээх хөшүүрэг болдог. Урлангийнхаа хажууд Монгол туургатны номын сантай “Book” кофе шоп энэ сард нээнэ. Ном уншиж, кофе уунгаа утга, уран зохиол, дуртай сэдвийнхээ  талаар яриа өрнүүлж суух таатай орчныг бүрдүүлсэн.

-Дээд Монголоос ирсэн гэхэд хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Би өөрийнхөө утга, уран зохиолынхоо мэдлэгийг дээш­лүүлж, хийж бүтээж буй бүтээлээ улам баяжуулан дэлгэрүүлэх зорилготой энд ирсэн. Дээд Мон­голоос ирсэн гэхээр мэдэх хүмүүс байна аа. Манай хэд сайн уу? гээд л асуудаг бол орчин үеийн залуус огт мэддэггүй юм байна лээ. Уул ус сайтай, өвс ногоо шимтэй өндөрлөг газар учраас үе үеийн монголчууд нүүдэллэн очиж амьдардаг байсан. Тэнд хошууд монголчуудаас гадна  барга, буриад, халх, дөрвөд, тор­­гууд гээд бүхий л монгол угсаатан амьдардаг. Миний хувьд хорь буриад хүн. Тухайн цаг үеийн дияанч, бадарчин лам нар Ар, Өвөр, Дээд Монгол хэмээн нэрийдэж ирсээр Дээд Монгол гэх болсон гэдэг. Газар нутгийн өндөрлөг /далайн төвшнөөс 2800-6000м/ байдал болоод бичиг соёлын мэргэд төрж байсан газар нутаг гэдэг утгаараа ийн нэрийдсэн болов уу. Одоогоор 100 гаруй мянган монголчууд амьдардаг. Яриа хэлний аялга дан нь баруун алтай, ховдын аялгатай бөгөөд баруун аймгийнхны хэрэглэдэг үгс  Дээд Монголчуудынхтай тун адилхан. Ер нь буриад, халх, дөрвөд, торгууд аялга ч бий л дээ. Би бол хөдөөний хүүхэд. Энд ирэхэд ахуй, амьдрал бүгд адилхан, хүмүүсийн хандлага сайхан санагдсан.

 

-Аливаа үндэстэн ястан үлгэр домог шиг үүссэн ардын дуутай байдаг шиг тухайн ард түмнийг уламжилж ирсэн соёл нь тодорхойлдог?

-Хөх нуурын монголчуудын дунд дуулагддаг “Гурван найрын зуслан” гэдэг дуу бол ноёдын чуулганд найрын гурван дуу, шашны гурван дуу, төрийн гурван дуу гэж есөн дуу дуулдаг байж. Энэ бол дуу ард түмэн, шашин, төр амгалан байг гэсэн утгатай.  “Цагаан талын богширго“, “Хүрэн зээрд морь” зэрэг ардын дуу байна. “Ойт мэргэн тэвнийн домог”, “Хан цэнгэлийн тууль” гээд аман үлгэрүүдээр ч баялаг. 1966 оны соёлын хувьсгалаас өмнө экил хуур татаж, тууль хайлдаг байсан. Бий биелгээг одоо ч биелдэг. Удахгүй нээгдэх Монгол туургатны номын санд Дээд Монголчуудын уламжилж ирсэн өв соёлын тухай ном олон бий.

-Нүүдэлчин болоод суурин иргэншлийн тухай таны бодол?

-Монголчууд дөрвөн улирлаа дамжиж хэдэн мянган бээр нүүдэллэдэг. Мал аж ахуй эрхэлдэг ард түмэн учраас байгальдаа зохицон амьдардаг. Тэр онцлог нь монгол угсаатан газар, газарт үлдсэн нь сайн тал, муу тал нь хэтэрхий тархсан учир нийгмийн хөгжил орхигдсон. Суурьшиж буй иргэншлийн нийгэмд хашаанд хашигдаж амьдарна гэдэг монгол сэтгэлгээ, философио хүртэл хумина гэсэн үг. Хумигдсан нийгэмд зохицож амьдарна гэдэг тэвчээр, хууль дүрэм шаардлагатай. Хүн баригдмал орчинд хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг сонин. Бидний хүүхдүүд ирээдүйд бүрэн суурьшиж нүүдэлчин амьдралыг огт мэдэхгүй хүмүүс болно.

-Яруу найрагч хүний хувьд ямар үед илүү сэтгэл донсолж, дэнсэлдэг вэ?

-Би хүмүүстэй амархан танилц­даг. Хэнтэй ч бүхий л сэд­вээр ярих дуртай. Хүнтэй ярилцаад сууж байхад сэтгэлд хоногшсон мэдрэмжийг мэрж, өөрийгөө ирлэж хурцалдаг. Ууланд алхах дуртай. Оргил дээр нь гарчхаад буухад дэлхий ертөнц минийх болсон юм шиг санагдаад, маш их догдолдог. Сайхан дуу, хөгжим, монгол аялгуу сонсож өөрийгөө хөглөдөг. Тэр л хөгөөр шүлгээ бичдэг дээ.

-Таны хувьд эх орон гэж юу вэ?

-Эх орон гэж хүний сэтгэлд багтаж байгаа бүхий л үнэт зүйлс. Сэтгэлдээ хэдий ихийг багтааж, хайрлаж, нигүүлсэнэ төдий чинээ уудам эх оронтой баян хүн. Дөчин түмэн цуглуулж хуримлаад, дөрвөн хайрхныг гэрчлүүлж, гурван нуган үр төрүүлээд сууж байна. Тэд минь миний эх орон. Бид Ар монголчуудынхаа аль сайн сайхан нь л хэлж ярьж, муу, муухайг нь нууж, хааж явдаг. Сайн сайхан бүхнийг нь дотроо багтааж явна гэдэг өөрөө үнэ цэнтэй. 

-Шүлэг найргийн хувьд өөрийгөө хэр эвдсэн гэж бодож байна вэ?

-“Дээдлэх галын бурхантай

Дэрлэх тулгын чулуутай

Хорвоог орхих юм сан гэж

Цэлийтэл  мэлтийсэн

Өглөө шиг сэтгэл минь

Хааяа хааяа өнчрөх юм

Цэцэгсийн үнэр

Салхины аашинд холилдож

Хамар минь үнэрлэж үл чадна

гээд л сэтгэл үе үе өнчрөх юм. Өмнө нь би үндэстний сэдэвтэй, түүхэн бахархлаа их бичдэг байсан. Одоо бол утга санаагаа тод илэрхийлж товч бичдэг болсон.Хэрэв үндэстний сэдэв бичье гэвэл найраглал бичнэ. Тэр дундаа хойчид үлдэх адууны тухай тууль мэт найраглал бичнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.55.188.43) 2020 оны 03 сарын 14

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос \nАз жаргал Амжилт хүсье

0  |  0
Unurbayan(103.229.121.239) 2020 оны 03 сарын 14

Jinhene mongol setgelgee tei, awiyaslag yaruu nairagch daa. Ehner degmuu ni mongol sudlalar manai surguulid magister hamgaalsan buteelch busgui bii. Iim l humuus t bid tus dem ugch baih heregtei dee. Tanai ger buld az jargal, amjilt buteel yutuuy.

0  |  0
Саруул(103.26.194.207) 2020 оны 03 сарын 14

Дүүгийнхээ амьдралд нь аз жаргал сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье

0  |  0
С.Бат-Эрдэнэ(103.229.121.214) 2019 оны 12 сарын 07

Баяр хүргэе Сайхан залуу юм билээ 12сарын 13 ны 10 цагт Хүүхдийн Төв Номын Сан дээр ирэхийг урьж байна. Олон сайхан зохиолчид цугларна.

1  |  0
Oyunaa Oyoo(202.9.40.22) 2019 оны 12 сарын 05

Mongoloo gesen chin setgeltei ,mundag yaruu nairagch daa..olon shulguudiig ni unshsan..amjilt husie duu min...

0  |  0
Top