ХИЧЭЭХ ӨДӨР: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хичээцгээе” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг өнгөрсөн сарын 29-ний өдөр зохион байгуулсан билээ.

Энэ өдөр аймаг, орон нутаг, нийслэлд тодорхой маршрутад замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тусгай дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлсэн. Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлан, хяналт тавьж ажилласан юм.

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бол “Хичээх өдөр”-өөр 239 ослын дуудлага хүлээн авсан байна. Түүнчлэн улсын хэмжээнд хүний амь нас хохирсон, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй ба тухайн өдөр зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.

"Хичээх өдөр"-ийн нөхцөл байдлыг өмнөх энгийн өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 22.5 хувиар, хүн гэмтсэн осол 36.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Бид ганцхан өдөр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сахилга, соёлтой, бие биеэ хүндэтгэн хөдөлгөөнд оролцсоны үр дүнд зам тээврийн осол 36.3 хүртэл хувиар буурсан үр дүн гарч байна. Цаашид өдөр бүр хичээх юм бол хамтдаа энэхүү хүсээгүй төмөр хүлгийн дайны эрсдэлийг бууруулж болох юм гэдгийг харуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top