Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Хоёрдугаар Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсад Гандантэгчэнлин хийдээс гадна хүрээ хийдүүд, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг болон Алтай хязгаарын монголчууд, Хөх нуурын монголчууд, Шинжаан гээд бүхий л Монгол туургатнууд оролцох ба энэ сарын 7-ны өдөр Тэргүүн их Хамба ламтан нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээнэ. Түүнчлэн энэ өдөр 17.00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд нийт монголчуудын сайн сайхны төлөө болон даян дэлхийн энх амгалангийн төлөө шөнөжин хуран хонох аж.

Харин энэ сарын 8-ны өдрийн 09.00 цагт Батцагаан дуганд Гандантэгчэнлин хийдийн хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол эхэлнэ.

Энэ үеэр оюутан залуусын дунд зарласан "Бурханы шашин ба монголчууд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулах бөгөөд Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг үзэсгэлэн байдлаар сүсэгтэн олонд дэлгэх юм.

Хоёр өдрийн бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, нээлттэй болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top