“Positive Mongolians”-ын Э.Дөлгөөн “Хосын жор”-оо "чулуу" болгов

2019 оны 12 сарын 05

Олны танил гэлтгүй энгийн хүмүүс хүртэл сонирхлоороо хөгжилтэй, сонин содон влог хөтлөх болсон. Монголынхоо үлгэр жишээ болсон хосуудын нэг Т.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар нь “Positive Mongolians” хуудсаараа залууст эерэг, зөв хандлага, амьдралд хэрэгтэй зөвлөгөөг хүргэсээр багагүй хугацааг өнгөрүүлж байна.

Залуу хос Швед улсад ажиллаж амьдарч байхдаа Дагина охиноо төрүүлээд эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэд амжилттай яваа залуустай ярилцаж, мэдлэг туршлагыг нь хуваалцдаг “Онлайн зөвлөмж” подкаст хөтлөхөөс гадна аз жаргалтай хосуудын амьдралын түүхийг хуваалцдаг “Хосын жор” хэмээх цуврал бичлэгээ олонд хүргэдэг билээ.

Тэгвэл өнөөдөр Дөлгөөн бүсгүй “Хосын Жор” нэртэй ном гаргаж буйгаа цахим хуудсаараа мэдэгдэв. Тэрбээр  “Миний нус нулимстай түүхүүд болон 50 гаруй хосуудын зөвлөгөөнд үндэслэн бичсэн энэхүү ном маань яг одоо редакторын гарт хянагдаж байгааг хуваалцах сайхан байна” гэсэн юм.

Залуу хосод цахимаар нэрээ нууцалсан захидлууд олон ирдэг бөгөөд хүмүүс тэднээс тусламж, зөвлөгөө, мэдээлэл хүсэж, жаргал зовлонгоо хуваалцдаг болоод уджээ.

“Хүмүүс хайртай хүнтэйгээ амьдралаа холбохдоо, ирээдүйд жаргалтай байна гэж итгэдэг. Харамсалтай нь, бүх хос тийм байж  чаддаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зөвхөн цохих зодохоор төсөөлж болохгүй. Харин үл хайхрах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, хүчлэх, хүч хэрэглэх гэх мэт олон хэлбэр байдаг юм шүү. Хайр байгаа цагт, ойлголцож болдог. Гар нь түрүүлж хөдлөх биш, тархи нь түрүүлж хөдлөх боломжтой” гээд залуу гэр бүлийн зүгээс  ЦЕГ-с гаргасан "ойлГОЁ, ХҮНдэлье" уриалгыг дэмжиж буйгаа илэрхийллээ.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top