“Шинэ сум”-ыг бүтээлцсэн залуус

2019 оны 12 сарын 06

Батлан хамгаалах салбарын багц хуулиуд 2016 онд батлагдан хэрэгжиж байна.

Эдгээр багц хуулиудыг бүрдүүлж байгаа чухал хуулийн нэг нь  Зэвсэгт хүчний тухай хууль юм. Хуульд “Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд  оруулж болно” гэсэн заалттай. Мөн улс, эх орны эдийн засгийн чадавх, ажиллах хүчний боломжийг судалсны үндсэн дээр төр засгийн зүгээс Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтад  оролцуулах шийдвэрүүд гарч байгаа. Бүтээн байгуулалтын  ажилд  оролцож байгаа асуудал нь шинэ зүйл биш бөгөөд Монголын Зэвсэгт хүчин 1921 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл улс орны бүтээн байгуулалтын ажилд  гар бие  оролцсоор  ирсэн. Тухайлбал, Ардын хувьсгал ялсны дараа ардын журамт цэрэгт байрлах байраас эхлээд, зэвсэг, галт хэрэглэлээ агуулж, хадгалах зэргээр бүхий л төрлийн барилга, байшин шаардлагатай болсон. Идэр чийрэг эрсийн бяр, хүчээр нүд ирмэхийн зуурт сүндэрлэн боссон бүтээн байгуулалтыг дурдвал олон.

Цэргийн алба хаагчид Төмөр замын бүтээн байгуулалтад цалинтай ажиллаж байна

Улс орныхоо бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчнийхнийг татан оролцуулах шийдвэрийг 1922 онд Засгийн газар гаргаж улмаар анги, салбарууд  дотооддоо барьж байгуулах ажлыг эхлүүлсэн билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед бүхэл бүтэн хот сууриныг Зэвсэгт хүчний барилгын цэргийн анги, салбарууд бүтээн босгож, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж иржээ. Нийгмийн шилжилтийн он жилүүдэд Зэвсэгт хүчнийхэн бүтээн байгуулалтад оролцох оролцоо багассан ч тэднийг дайчлан оролцуулах нь зүйтэй хэмээн төр засгаас үзэж, төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах шийдвэр гаргаад байна.
 

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 орчим километр төмөр замыг барихад  хугацаат цэргийн албыг одоо хааж байгаа болон шинээр цэргийн албанд ирэх 18-25 насны залуучуудын дотор энэ чиглэлийн ажил гүйцэтгэх  чадвартай, шаардлагатай мэргэжилтэй хүмүүсийг сонгон авч, сайн дурын үндсэн дээр, гэрээгээр, цалин хөлстэйгөөр энэхүү ажилд татан оролцуулж байна.  Энэ нь цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох бөгөөд алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор ахуй амьдралаа сайжруулах боломж бүрдэнэ

 

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 орчим километр төмөр замыг барихад  хугацаат цэргийн албыг одоо хааж байгаа болон шинээр цэргийн албанд ирэх 18-25 насны залуучуудын дотор энэ чиглэлийн ажил гүйцэтгэх  чадвартай, шаардлагатай мэргэжилтэй хүмүүсийг сонгон авч, сайн дурын үндсэн дээр, гэрээгээр, цалин хөлстэйгөөр энэхүү ажилд татан оролцуулж байна.  Энэ нь цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох бөгөөд алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор ахуй амьдралаа сайжруулах боломж бүрдэнэ” гэж  ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлж байсан.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд нийт зургаан рот буюу 2094 цэргийн алба хаагчийг ажилд авах төлөвлөгөөтэй бөгөөд үүний 174 нь хугацаат цэргийн алба буюу нийт алба хаагчдын 90 гаруй хувь нь ахлагч, офицер, гэрээт цэргээс бүрдэх юм.  Цэргийн алба хаагчид төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэхдээ газар шорооны ажил буюу техникээр далангийн шороон овоолго хийх бол хугацаат цэргийн алба хаагчид хэв хашмал бэлтгэх, ус зайлуулах суваг цутгах ажил гүйцэтгэж байна” гэж мэдээлсэн.  Энэ дашрамд дуулгахад “Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд геодезийн инженер, замын инженер, барилгын үйлдвэрлэлийн технологич инженер, замын материалын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, авто замын тоо хэмжээний инженер мэргэжилтэй иргэдийг сонгон шалгаруулж ажилд авна. Ажлын хөлс хоёр сая төгрөгөөс эхэлнэ” гэсэн зар түгээд эхэлсэн. Энэхүү зарыг ажил хайж байгаа хүмүүст хүргэмээр. Ажлыг хүнд хүчир, хар бор гэж голох залуусын эгнээ уртаас урт болсныг ахмад хүмүүс халаглахыг олонтаа сонсож байсан ч эх орныхоо хөгжил цэцэглэлт, өөрийнхөө амьдрал ахуйн төлөө ажил хөдөлмөр эрхлэх чин сэтгэлтэй нь түүнээс олон биз ээ. Энэ утгаараа ЗХЖШ идэр залуусыг ажил хөдөлмөрийн замаар хүмүүжүүлэн төлөвшүүлэх, нийгэмд тогтвортой иргэн бий болгоход хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай.

“Шинэ сум”-ыг бүтээлцсэн шижигнэсэн залуус

XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан бол XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогыг төлөвлөж,  засаг, захиргаа, дэд бүтцийг хөгжүүлж дөрвөн уулаасаа давж дүүрэн талаараа тархаж амьдрах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Шинэ техник технологийн эрин үеэс хүний хөгжлийг хоцрогдуулахгүй, тэдний амьдрах орчин, амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, малчдын орлогыг тогтвортой байлгах, малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, газар тариалангийн салбарыг дэмжих нь улс орны тогтвортой хөгжлийн нэг түлхэц.
 

“Шинэ сум” төслийн ажилд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн болох 338, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, бүтээн байгуулалтад гар бие оролцож, 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, офицер, сум орон нутгийн нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн юм.

 

Дорнод аймгийн Халх гол суманд түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойн хүрээнд энэ жил ОХУ-тай хамтран “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, найман сая евро хандивласнаар Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж байгаа. Мөн энэ мэтчилэн төр засгаас алслагдсан 100 гаруй сум, орон нутгийг хөгжүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байсан удаатай.

“Шинэ сум” төслийн ажилд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн болох 338, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, бүтээн байгуулалтад гар бие оролцож, 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, офицер, сум орон нутгийн нийт 500 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн юм. “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм. Мөн энэ үеэр Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөөг Халх гол суманд сүндэрлүүлсэн. Эх орончдын бахархал болсон дорнын талд жишиг сум үүдээ нээж, олон залуу айл өрхөө татсан биз ээ.


Говийн бүсэд тусгай зориулалтын зам тавив
 

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын ажил өнгөрөгч сарын сүүлээр дууссан билээ. Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын  17,5  км автозамыг  Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэсэн. Тус ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн хоёр үе суурьтай, 100 тонны даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулжээ.

 

Эр цэргийн албаар дамжуулан бие бялдрын хөгжил, эх оронч сэтгэл суулгахаас гадна ажил, мэргэжилтэй болгож, улсын бүтээн байгуулалтын ажилд цалинтайгаар оролцуулж байна.

 

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах  240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн  байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн. Хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эр цэргийн албаар дамжуулан бие бялдрын хөгжил, эх оронч сэтгэл суулгахаас гадна ажил, мэргэжилтэй болгож, улсын бүтээн байгуулалтын ажилд цалинтайгаар оролцуулж байна. Дэд бүтэц, хөгжлийн бодлого, ялангуяа говийн бүст өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг харахад сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалтын ажлууд саадгүй өрнөж, цаашид үргэлжилнэ гэдгийг та бүхэн батлан харуулж байна” гээд бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.

ЗХЖШ-ын албан хаагчдын хөлс хүчээр боссон бүтээн байгуулалт эх орны өнцөг булан бүрд сүндэрлэх тусам олон залуусын аж амьдрал дээшилж, залуусын аж амьдрал дээшлэх тусам нийгэм гэрэлтэй байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top