Доктор С.Дулам "Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг" төслийнхөө хүрээнд гурамсан бүжгэн жүжиг бүтээхээр төлөвлөсөн. Тэрбээр хадны зургаас сэдэвлэн "Хөмөргөн гурвалжин", "Тамганы бүжигчин" бүжгэн жүжгийн цомнолыг бичиж хөгжмийн зохиолч Д.Ариунболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг нар тус тус ажиллаж олны хүртээл болсон.
“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд 2016 онд олны хүртээл болгосон юм. Монголдоо арван удаа тоглолтоо хийгээд амжсан тус багийнхан өнөөдөр /2019.12.10/ алс холын Франц улсыг зорилоо. Учир нь “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг ЮНЕСКО-ийн төв байранд тоглогдохоор болсон байна.
Доктор С.Дулам “Би 2015 оноос хойш Соёл урлагийн их сургуулийн Ардын урлагийн бүжиг судлалын тэргүүлэх профессорын ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол орны хадны зурагт өгүүлэгдсэн хүний биеийн хөдөлгөөн тэр дундаа бүжгийн хөдөлгөөнийг судлан дохио зангааны болон бүжгийн бэлгэдлийн кодуудаар тайлан зохиол бичиж, бүжгэн жүжиг болгох юм. Энэ удаа Дундговь аймгийн Дэл уулын Дөрвөлжин булшны хадны ирмэг дээр зурсан 32 хүнтэй бүтээлээс 18 хүний бүжиглэж байгаа дүрсийг дохио зангаа, биеийн хэлмэрээр тайлан “Хөмөргөн гурвалжин” гэдэг бүжгэн жүжиг бичсэн. Энэхүү бүжгэн жүжиг Монголд 10 удаа тоглогдож байсан. Уран бүтээлч залуусын хичээл зүтгэлээр эх орныхоо өв, соёлыг сурталчлан Франц улсад ЮНЕСКО-ийн тайзанд тоглогдохоор боллоо” гэсэн юм.
“Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн гол дүр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн төгсөгч Д.Баярт “Бүжгийн урлагийн сургуулийн “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжигт тоглож байгаадаа сэтгэл өндөр байна. Бид энэ сарын 10-наас 13-ны хооронд Франц улсад ЮНЕСКО-ийн тайзанд тоглох гээд явж байна. "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийн гол дүрд тоглож байгаадаа сэтгэл өндөр байна. Өөрт байгаа бүхий л чадлаараа дүрээ бүтээх болно" гэлээ.
Сонирхуулахад, Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших Дэл уул нь бүхэлдээ хадны зургийн урлан аж. Энэ уул нь сүг зургийн 3000 гаруй дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед хамаарах монгол болон хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булштай соёлын баялаг, өв агуулсан газар юм.
Сэтгэгдэл ( 3 )
Их сайхан өвөрмөц бүтээл. Дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй залуучуудад амжилт хүсье!
Uls ornihoo ner aldar urlag soeloo uuh tuuhee delhiid aldarshuulan taniulsan saihnaas saihan uils baina .Hamtran buteesen aviyas bileg tuguldur ta naraaraa baharhaj bna AMJILT arvin baih blotugai!
үлгэр дууриал