ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс Европын холбооны шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олон Европын холбооноос олгодог “Хүүхдийн эрх хамгаалагч” хэмээх шагналыг хүртжээ.

Тодруулбал,  “Олон Улсын Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан, хүүхдийн эрхийг хамгаалах, хууль сахиулах чиглэлээр зохион байгуулж буй ажлыг нь үнэлж, Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа өчигдөр /2019.12.09/ тус шагналыг гардуулан өгчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ялангуяа хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийлэл, цахим орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр найман төрлийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Жишээ нь, “Нэг хором” арга хэмжээний хугацаанд гэмт хэргийн гаралт 18 хувиар буурчээ. Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяны хүрээнд гэмтсэн хүн 49.7 хувь, нас барсан хүн 11.7 хувиар буурсан байна. Одоогийн байдлаар тус хэлтэс гэр бүлийнхээ төлөө “ОйлГОЁ-ХҮНдэлье” аяныг өрнүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top