ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-д айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээ хийн, Ерөнхийлөгч Доналд Трампт бараалхжээ.
Помпео, Лавров нар хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв. Помпео АНУ, ОХУ –ын харилцааг сайжруулах чиглэлээр хийж буй алхмууд үргэлжилж буйг дурдаад терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолжээ.
Лавров ОХУ-ыг АНУ-д болсон сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх яриа үндэслэлгүй болохыг дахин баталж, 2016 аравдугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд Москва, Вашингтоны хооронд солилцсон дипломат захидлуудыг олон нийтэд дэлгэхэд бэлэн хэмээн мэдэгджээ. Тухайн үед Оросын тал цахим сүлжээн дэх ноцтой үйл ажиллагаа явуулж буй талаар Вашингтонд сэрэмжлүүлж байсан аж.
Хэлэлцээний үеэр талууд стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлийг хянах тухай гэрээг сунгах асуудлыг хөндсөн бөгөөд Америкийн тал энэхүү гэрээний хугацааг сунгах тал дээр одоогоор бэлэн бус гэдгээ илэрхийлсэн ч тус гэрээнд шинэ төрлийн зэвсэглэлийг тусгах, хэлэлцээнд БНХАУ-ыг татан оролцуулах шаардлагатай буйг онцолсон байна.
Лавров саяхан Парис хотноо болсон Украины талаарх Нормандын дөрвийн уулзалтын талаар мэдээлэл өгч, Ираны цөмийн хөтөлбөр, Венесуэл дэх нөхцөл байдал болон Солонгосын хойгтой холбоотой асуудлуудыг хөнджээ.
ОХУ-ын эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээний талаар Майк Помпео энэхүү арга хэмжээг шударга алхам гэж тодорхойлсон хэдий ч АНУ ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа тэлэх сонирхолтой буйг илэрхийлсэн байна.
Помпеотой хэлэлцээ хийсний дараа Сергей Лавров Ерөнхийлөгч Доналд Трампт бараалхжээ. Хаалттай хаалганы цаана болсон хэлэлцээ 50 орчим минут үргэлжилсэн байна.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Лавров Трамптай зэвсэглэлийн хянах гэрээ, Персийн буланд үүсээд буй хямралыг гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ, Ираны цөмийн гэрээ, Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээний талаар ярилцсан тухай мэдээлжээ.
“Умард урсгал-2”, “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойн эсрэг хориг арга хэмжээ авах АНУ-ын Конгрессын шийдвэрийн талаар Лавров эдгээр арга хэмжээ төслүүдийн хэрэгжилтийг зогсоохгүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр Трампт Ялалтын баярт оролцохыг урьсан Владимир Путины урилгыг дамжуулжээ.
Доналд Трамп энэхүү уулзалтын талаар “маш сайн” болсон хэмээн жиргэсэн байна. Хоёр улсын худалдаа, Иран, Хойд Солонгос, дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн талаарх гэрээ, сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэрэг, зэвсэглэлийг хянах зэрэг олон асуудлаар санал солилцсон хэмээн Трамп дурдаад ойрын ирээдүйд хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ цаг үед дэлхийн асуудлыг шийдэж байгаа ахмадууд ухаантай зальтай гэхдээ насаа дагаж буулт нь зөөлөн г\nэж бодож байна