АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярьж, Хар тэнгист АНУ-ын нисэгчгүй онгоцыг унагасан шалтгаан, хэргийн үр дагаврын талаар санал солилцжээ.
С.Шойгу АНУ-ын тал ОХУ-аас мэдэгдсэн нислэгийн хязгаарлалтын бүсийг зөрчсөн нь хэрэг явдлын шалтгаан болсон хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын нисгэгчгүй онгоцнууд Крымийн эрэг орчим нислэг үйлдэх нь өдөөн хатгасан шинж чанартай ба нөхцөл байдлыг хурцатгахад хүргэж болзошгүй хэмээн сануулжээ. Шойгугийн мэдэгдсэнээр, ОХУ нөхцөл байдлыг хурцатгах сонирхол алга ч өдөөн хатгасан аливаа үйлдэл зохих хариу арга хэмжээ авах болно.
Пентагоны тэргүүн АНУ-ын Нисэх хүчин олон улсын агаарын орон зайд нислэг үйлдсээр байх болно хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Их гүрнүүд нээлттэй, тунгалаг байх зарчмын хувьд үлгэр дуурайлал байх учиртай. АНУ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зөвшөөрөгдсөн газарт нислэг үйлдсээр байх болно” гэжээ. Түүний хэлснээр, АНУ-ын нисгэгчгүй “MQ-9 Reaper” онгоцны хувьд олон улсын агаарын орон зайд ээлжит нислэгээ үйлдэж байсан. Олон улсын агаарын орон зайд Оросын нисгэгчид түрэмгий, эрсдэлтэй, аюултай үйлдэл гаргасан хэмээн Остин онцлоод Орос улс нисэх онгоц ашиглахдаа мэргэжлийн түвшинд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэжээ.
Оросын талаас Хар тэнгист унагасан АНУ-ын нисгэгчгүй онгоцны хэсгүүдийг Хар далайгаас гаргаж авахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгдсэн бол АНУ-ын тус онгоцны чухал мэдээллийг зайнаас устгах арга хэмжээ авсан хэмээн Вашингтон мэдэгджээ. “MQ-9 Reaper” онгоцны хэсгийг уснаас гаргах тухайд АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн генерал Марк Милли АН-ын хөлөг онгоц энэ бүс нутагт байдаггүй. Гэсэн хэдий ч энэ бүс нутагт АНУ олон холбоотон, нөхөдтэй. Онгоцны хэсгүүд нь АНУ-ын өмч тул буцааж авах тал дээр ажиллагаа явуулна. Гэхдээ тус онгоц хэдэн хэсэг болж сүйрсэн тул буцаах зүйл байхгүй л болов уу хэмээн Милли тайлбарлажээ. АНУ-ын мэдээллээр, онгоцны хэсгүүд 1.2-1.5 км гүнд байгаа хэмээн таамаглаж байгаа ба нарийн тогтооход хэдэн хоног шаардагдана. Тиймээс гаргаж авахад туйлын хүнд. АНУ одоогоор ийм оролдлого хийх эсэхээ шийдээгүй байна гэж Милли тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )