Соёл иргэншлийн төгсгөл: Орос, Барууны дайны үр дагавар

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Сүүлийн найм орчим жил дэлхийн шинэ дайны талаар ярих болсон нь үнэхээр аймшигтай. Гэвч ийм мөргөлдөөний үр дагавар үүнтэй харьцуулшгүй аймшигтай байх бөгөөд хүн төрөлхтний хувьд “ертөнцийн төгсгөл” байх болно.

Дэлхийг хамарсан өлсгөлөн, янз бүрийн өвчнөөс үүдэлтэй нас баралт, гамшиг дагуулсан уур амьсгалын өөрчлөлт болон орчин үеийн соёл иргэншлийн төгсгөл. Хэрэв Барууны ертөнц, Оросын хооронд болно хэмээн таамаглаж буй дайн үнэхээр болбол ийм үр дагавар хүлээж байна гэж 1985 оны энх тайвны Нобелийн шагналтан, анагаах ухааны доктор Айра Хелфанд “The Nation” хэвлэлд зориулсан сэрэмжлүүлэх нийтлэлдээ онцолжээ.

Украинаас болж Москва, Вашингтон, НАТО-гийн хооронд үүсээд буй хурцадмал байдал түүнийг ийм таамаг дэвшүүлсэн нийтлэл бичихэд хүргэсэн байна.

Олон жилийн турш цөмийн дайн болохоос идэвхтэй сэрэмжлүүлж, энэ үйл хэргийн төлөө олон улсын байгууллага хүртэл үүсгэн байгуулсан Хелфанд Орос, Барууны сөргөлдөөн цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэх “халуун“ үе шатанд шилжиж болзошгүй гэж үзэж байна. Орос улс 3500, АНУ 1750 цөмийн цэнэгтэй бол Их Британи, Франц улс нэмж 400 цэнэгтэй. Москва дээр 100 килотонныг хаяхад тэр даруй 250 мянган хүн амь үрэгдэх бол Вашингтоны 170 мянган оршин суугчийн алтан амь эрстэнэ. Үүгээр хэрэг дуусахгүй гэдэгт Айра Хелфанд итгэлтэй байна. Пуужин, бөмбөгөөр харилцан цохилт өгсний дараах нэг цаг хагасын хугацаанд ОХУ-д ч тэр, АНУ-д ч тэр 80 сая хүн амь үрэгдэж болзошгүй. Нийлээд 160 сая хүний амь.

Тус хоёр улсад амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх олонх нь хэдхэн сарын дотор шарх, цацрагаас үүдэлтэй өвчин, өлсгөлөн, халдвар болон амин чухал объект, дэд бүтэц сүйрсний улмаас нас барна гэж Нобелийн шагналтан таамаглажээ. Гэхдээ энэ нь тус хоёр улс нөөцөөсөө зөвхөн тус бүр 300 цэнэг хэрэглэсэн тохиолдолд. Хэрэв НАТО-гийн гишүүн орнууд үүнд татагдан орвол асар их хохирол амсана гэж Хелфанд анхааруулсан байна.

Үүний дараа дэлхий ертөнц өмнөх шиг байхгүй. Цөмийн зэвсэг хэрэглэснээр манай гараг дээр бага хэмжээний мөстлөгийн үе эхэлнэ. Агаар мандалд 150 сая тонн тортог цацагдсаны улмаас дэлхийн дундаж агаарын температур -8 хэм болж огцом буурна. 2020 онд дэлхийн дундаж температур +14.9 хэм байжээ. Евразийн төв хэсэгт -50 хэм хүйтэрч, зарим улс орон хөлдөнө. Ургац ургахгүй тул хүнс, цэвэр ус, техник, технологи үгүй болно. Энэ бүгд хүн төрөлхтнийг устгах нь дамжиггүй.

Барууны ертөнц, Оросын хоорондын “өрсөлдөгчөө зайлуулах тоглоом”-ын бооцоо нь хэтэрхий өндөр тул “сэтгэл зүйн тулаан”-аа зогсох ёстой гэж Айра Хелфанд  анхааруулжээ. Талууд бие биедээ хандах хандлагаа эргүүлэн харж, зөвхөн дипломат арга замыг эрэлхийлэх шаардлагатай ба АНУ мөн Хятад улстай болгоомжтой харилцах ёстой гэж энх тайвны Нобелийн шагналтан үзэж байна. Зэвсгээр гайхуулах дуртай улс төрч, популистууд “дараа гэж байхгүй” гэдгийг ойлгох ёстой. Ер нь юу ч байхгүй болно. Огт юу ч үгүй болно. Соёл иргэншлийн төгсгөлөөс аврал үгүй. Тэгээд ч ертөнцийн төгсгөлийн дараа тэдэнд ч, ер нь хэнд ч амьдрах хүсэл төрөхгүй нь тодорхой. Эл таамаглаж буй дайнд цөмийн цэнэгт хошуу хэрэглэхэд хүрдэггүй юм гэхэд үр дүн нь туйлын эмгэнэлтэй байх болно. Үүнийг түүх ямар нэгэн математикийн загварчлал, таамаг тооцоололгүйгээр бидэнд нэг бус удаа харуулсан. Тиймээс хэл амаа ололцож сурах цаг нь иржээ гэж 1985 оны энх тайвны Нобелийн шагналын эзэн Айра Хелфанд анхааруулж байна.

Энх тайвны Нобелийн шагналт Айра Хелфанд

 

Top