Шинэ Зеландын Уайт Айлэнд арал дээр болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас их хэмжээний түлэгдэл авсан хохирогчдод шилжүүлэн суулгах зорилгоор АНУ-аас 1.2 сая см кв донорын арьс авах захиалга өгсөн тухай Шинэ Зеландын TVNZ телевиз мэдээлжээ.
Тус улсын Оклэнд хотын Манукау тойргийн эрүүл мэндийн газрын дарга Питер Уотсоны хэлснээр, одоогийн байдлаар Австралийн Викториа мужийн донорын эсийн сан болон Сидней хотын эд эрхтэн, эсийн донорын алба нийт 20 мянган см кв. донорын арьс илгээгээд байна.
Уайт Айлэнд арал дахь галт уул энэ сарын 9-ний өдрийн орон нутгийн цагар 14.15 цагт дэлбэрсэн. Тухайн үед тус арал дээр 47 хүн байсан бөгөөд зургаа нь амиа алдаж, 30 нь эмнэлэгт хүргэгдээд байна. Найман хүнийг амь үрэгдсэнд тооцсон. Галт уул дахин дэлбэрэх аюултай байгаа тул хайгуулын ажил удааширч байгаа юм.
Эмнэлэгт хүргэгдээд байгаа хохирогчдын ихэнх нь 95 хувийн түлэгдэл авсан бөгөөд 22-ынх нь уушги мөн түлэгджээ. Хүний арьсны нийт хэмжээ хоёр м кв байдгаас алганы арьс нь 1.5 хувийг эзэлдэг аж.
Шинэ Зеландын мэс засалчид хохирогчдод ирэх өдөр, саруудад нийт 500 цагийн мэс ажилбар хийх шаардлага гарна гэж тооцоолжээ.
Сэтгэгдэл ( 0 )