Галт уулын дэлбэрэлтийн улмаас АМИА АЛДСАН хүний тоо тав боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Шинэ Зеландын Уайт Айлэнд арал дээрх галт уул дэлбэрэх мөчид тус эзэнгүй арал дээр ойролцоогоор 50 орчим жуулчин байжээ.

Шинэ Зеландын Геодезийн албаны мэдээллээр, галт уул даваа гарагт орон нутгийн цагаар 14.15 цагт дэлбэрч эхэлсэн бөгөөд аюулын түвшинг дөрөв хүртэл нэмэгдүүлж, агаарын тээврийн аюулгүй байдлын кодыг улбар шараар сольжээ. Байгалийн гамшгийн улмаас таван хүн амиа алдаж, 23 хүн бэртээд байна.

Аралтай ойролцоох Вакатана тойргийн хотын эмнэлэгт шуурхай төв нээгдэж, иргэний хамгаалалтын штабыг зохион байгуулаад байна. Жуулчдад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор долоон түргэний нисдэг тэрэг ажиллаж байна.

Шинэ Зеландын Аялал жуулчлалын холбоо 30-38 жуулчин тус арал руу аялахаар явсныг баталсан бөгөөд тэд одоогоор буцаж ирээгүй байна.

Арал бүхлээрээ нурмаар хучигдсан тул аврагчдын ажлыг хүндрүүлж байгаа тул арал дээр эрлийн ажиллагааг эхлүүлэх цагийг шинжээчидтэй зөвлөлдөж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, жуулчдын баг галт уул дэлбэрэхээс хэдхэн минутын өмнө галт уулын тогоонд байсан гэнэ. Тэнд хэд хэдэн хяналтын камер байрлуулсан байдаг бөгөөд арван минут тутам гэрэл зургийг төвд илгээдэг байна. Орон нутгийн цагаар 14.10 цагт хэсэг жуулчин галт уулын тогооны ирмэгээр явж байсан нь дүрс бичлэгт бичигдэн үлджээ. Галт уул 14.15 цагт дэлбэрч эхэлсэн юм.

Шинэ Зеландын цорын ганц идэвхтэй галт уул бүхий арал болох Уайт Айлэндэд хамгийн сүүлд 2012 оны сүүлээр 2013 оны эхээр дэлбэрэлт бүртгэгдэж байжээ. Тус арал дэлхий дээрх жуулчдыг хамгийн их татдаг идэвхтэй галт уул юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top