Цагаан сүмийн хэрээ буюу нарны шүлэгчээс асгарсан "Эмт одын бороо"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Үе тэнгийн найрагч анд Эрдэнэбаярын Гантулга маань аанай л шүлгийн дөрөв дэх номоо хэвлүүлж, сэтгэлийн үгээ бичээд дурсгаснаас хойш бараг жил өнгөрчээ. Шинэ хэвлүүлсэн номоо ёс юм шиг дурсгаж, яг л надад таарах мэт элэг дулаан үг бичиж өгдөгт нь “амташжээ”. Нөхрийн минь “Хөх тойрогт” (2013 он), “Сүрэг өвс” (2015 он), “Эмт одын бороо” (2019) номууд одоо надад бий. Харин түүний анхны ном “Тээр тэнд” (2011) нь  л ёстой надаас тээр хол оо.  Ингээд бодоод байхад муу найзынхаа шүлэг уран бүтээлд хэтэрхий тоомжгүй хандаж явсан шиг байна. Сүүлд хэвлүүлсэн “Эмт одын бороо” номынх нь шүлгүүдийг унших тусам цаанаа л нэг зөөлөн дулаан ай мэдрэгдээд байгаа юм. Жишээлбээс,

 

“Гэрийн минь хойд овоонд нэгэн туулай өвөлждөг

Гэтлээд ирэх амьдрал нэгэн туулай шиг байдаг

Цочоочих вий гэж хүүгээ зэмлэж өсгөдөг

Цоргисон хүйтэн жавар хүүгийн минь сэтгэлд уясдаг

 

Хадны нөмөрт хонхойлсон хэвтэрт нь сар шургадаг

Хашгирч ирэх хотын цуурай чихэнд нь хагардаг

Айлгачих вий хэмээн охиноо аргадаж өсгөдөг

Айлын нохдын харц охины минь зүүднээс дальдардаг

 

Зөөлөн халтар сортой бурханы амьтан гэж би итгэдэг

Зөрөөд өнгөрөх цаг хугацаа бурханы амьтай байдаг

Эвий тэр бий юу гэж эхнэрээсээ хааяа сурагладаг

Эсгэлэн хөх салхиар бүлээн амьсгал нь ирдэг

 

 Гэрийн минь хойд овоонд нэгэн туулай өвөлждөг

Гээгдэж үлдсэн бүхэн түүний мөр шиг байдаг

Сугаараа татсан цаснаас сугарч үсэрсээр алдардаг

Суугуул хотын минь өвөл дэндүү дулаахан санагддаг.” (11-р тал )

Суугуул хотынхоо дулааныг бурханы амьтнаас мэдэрч буй нөхрийн минь уугуул нутаг нь задгай цагаан салхиар үргэлж л “зүлгүүлж” байдаг Дундговь аймгийн Сайнцагаан сум. Говь сайхан нутгийнхаа нар, салхи, борооны өнгө, үнэр, амтыг тэрээр бүр багаасаа л мэдэрч өсжээ. Тиймдээ ч суугуул хотынхоо салхийг “исгэлэн хөх салхи” хэмээн мэдэрч, салхинаас туулайн бүлээн амьсгал болоод “салхины орц”-ыг таньж чадаж байгаа юм. Хэн хүний таньж ялгаж чадахгүй зүйлийг тэр яруу найрагчийн зөн сэрэхүйгээрээ танина. Өөрөөр хэлбэл, Замын цагдаа нарын хэрэглэдэг “согтуурлын төвшин хэмжигч” багаж шиг нэг тийм нарийн төвөгтэй зүйл түүний мэдрэхүйд байгаа. Дэндүү болхи байдлаар тайлбарлаж буйг минь уучлаарай. Гэхдээ хүний зөн сэрэхүй бол шинжлэх ухааны бүтээсэн нарийн төвөгтэй багажаас хэд дахин өргөн хүрээний нарийн зүйлийг мэдэрч чадахаар бүтээгдсэн. Түүнийг мэдрэмж гэдэг. Мэдрэмжийг бурхан бүтээсэн. Гэвч хэн хүний нийтлэг мэдрэхүйгээс ангид мэдрэмж хэмээгч нь харилцан адилгүй өөр өөр  үелзэлтэй байдгаас бид нэг нэгнээ мэдэрч чаддаггүй шиг санагдана. Мэдэрч чадахгүйгээс үүдээд ойлгохгүй үүснэ, ойлгохгүйгээс  үл хүндлэл төрмүй. Хүн төрөлхтний гай гамшиг, дайн тулааны цаад нарийн учир шалтгаанд үүний орц их бага хэмжээгээр бий. Мэдрэмж гэдэг тийм нарийн, үл анзаарагдам зүйл мөртлөө дэлхий дахины сайн сайхан хийгээд муу муухайг бүтээж байдаг шидтэй. Тиймээс би нөхрийнхөө шүлгийг мэдрэхийг хүсэж, бичих үеийнх нь мэдрэмжтэй өөрийнхөө мэдрэмжийн үелзлийг давхцуулахыг хичээж сууна. Тэгэх боломжгүй ч байж магадгүй юм. 

“Ногоон сөл, хөх зэрэглээ, цэнхэр алс

Ноднин жилийн зуссан гэрийн буурь

Номин үүл, болор бороо, зэндмэнэ өвс

Ногтоо чирч одох нөгөө л цаг хугацаа

Нүдэн дотор минь үлдэх ул мөр

Нүүсээр л яваа шүү би... Будда

 

Алагтай адуу, алагийн овоо, алаг зам

Аанай л эцгийн минь ухаанд будрах цас

Аргамжаатай үлдсэн өвгөдийн сэтгэл

Алдуурахаас нь өмнө шүүрдэх хүсэл

Алгаа хавсарч залбирах нууц зөн

Алийг нь тооно туших вэ чи... Будда

 

Онийж суугаа эмгэн сарны ганцаардал

Онь хөтлөөр гэнэт гарч ирэх шүлгийн санаа

Охины минь инээд шиг давтагдашгүй өдөр хоногууд

Ойн чөлөөнд нярайлах нарны гэрэл

Ойлгомжтой болоод ойлгомжгүй

Олон гайхамшигт минь нэвтрээч... Будда (“Будда” 12-р тал)

Энэ шүлгийг уншмагц төрөх хамгийн эхний төрөгдөл бол цаг хугацаа, тэр тусмаа өнгөрсөн цаг. Цаг хугацаа юунаас ч үл хамаарна. Харин юм бүгд цаг хугацаанаас шалтгаална. Цаг ирж, нөхцөл бүрдэхэд л аливаа зүйл буй болж, бас устана.  Дээрх шүлгийн тус бүртээ зургаан мөртэй гурван бадаг бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг төлөөлж байна гэж ойлголоо. Хэлсэн үг хэлэгдсэн даруйдаа л өнгөрсөн цагт хувилчихдаг ийм л шидлэг зүйлийн тухай тэр “Ногтоо чирч одох нөгөө л цаг хугацаа” хэмээн хэлжээ. Гэхдээ өнгөрсөн цаг хугацаа ногттой байгаа нь сонин. Ногт бол бидний дурсамжийг төлөөлнө. Хэдийгээр нэгэнт өнгөрсөн алтанхан хором мөчүүдийг бид “дурсамж” хэмээх ногтноос атгаж “баримуй”. Гэхдээ л цаг хугацаа баригдахгүй, “цаг барьдаг” хүнд ч баригдахгүй. Тэгэхээр тэр нүүхээс аргагүй, нүүж ч явна.   Гагцхүү бид одоо цагтаа амьдарнам. Одоо цаг бол олс дээс, ганзаганы сур. Түүнийг барьж мэдэрч, тооно тушиж болно. Өнгөрсөн, ирээдүй хоёр, хоёр талаас нь хөвчлөн татсан хөвч юм одоо цаг. Тэр хөвчийг бид өнөөдөртөө л хөглөж болно. “...Алагтай адуу, алагийн овоо, алаг зам...” (до, рe, ми, фа, со, ля, си) ай мөн ч сайхан хөгжимлөг юм.   Нөхөр минь өөрийн бүтээж туурвих боломжит цаг хугацаандаа дээрх эгшиглэнт мөрүүдийг “тооно тушжээ”.  Ирээдүйд ч мөн тэр олон олон шүлгийн санаагаа уул талынхаа дундаас олно. Мэдрэмжүүдээ ой мод, хад чулуу, өвс ногооноос түүнэ. Охиных нь инээд шиг давтагдашгүй өдөр хоногуудад тэр шүлгээ бичээд л чимээгүйхэн аж төрнө. Тэглээ гээд нэг их сүржигнэхгүй аанай л шүлгийн төд дэх номоо хэвлүүлээд жишим ч үгүй сууна даа хөөрхий. Гагцхүү түүний нууц хүсэл бусдад өөрийгөө таниулан ойлгуулахыг, өөрийнхөө ертөнцөд бусдыг ч юм уу, буддаг юм уу нэвтрүүлэхийг хүсэж байгаа юм. Хэн хүнд байдаг л хүсэл.Хүсэл ихэвчлэн ирээдүй цагийн харьяат байдаг.

“Сайхан сэтгэл нь сул тал болсон хүн” гэдэг шиг асга цутга шаагих азарган бороо шиг эрчимлэг мэдрэмж дээр үгийн цэц, цацаа цалгиа нь нэмэгдчихээр мань хүн  сунайсан урт шүлэг бичнэ. Хүн төрөлхтөн хэзээд амар хялбарыг эрэлхийлэгч тул хөнгөн зуушаа л таашаана. Өөрийнх нь нэгэн шүлэгтээ хэлснээр:

“...Зэрэглээн дотор ургасан шүлгийн санаа эрчлэхийн зовлонг

Зэнгийн шаргал хорвоод жиргэж яваа шувуу бүхэн мэдэхгүй...” ажээ.

Би гэхэд л зарим үгийнх нь утгыг мэдэхгүйгээс тайлбар толиос хайх хэрэг гарав. Дээр дурдсан шүлэг дотор “зэндмэн өвс” гэж бий. Зэндмэн гэж чухам юу болохыг би мэдэхгүй тул тайлбар толь ч сөхлөө. Тэгтэл “зэндмэн” гэх илэрц олдсонгүй. Харин “зэндмэнэ”, “зэндмэнэ эрдэнэ” гэж байх. Тайлбарыг нь үзвээс зэндмэнэ гэгч нь үлгэр домогт гардаг, хүссэн болгоныг бүтээдэг  нэгэн чухал зүйл гэнэ. Үг үсгийн алдаа юм уу, эсвэл нутгийн хэллэг, аялгаас болоод нэг “э” нь гээгджээ гэж ойлгов. Тухайлбал, манай баруун аймгийн нутгуудаар унийн сагалдарга гэж ярьж хэлдэг байхад мань нөхөр унийн сэгэлдрэг гэж бичсэн байх жишээтэй. За энэ ч яах вэ. Зэндмэн биш зэндмэнэ байлаа ч өвс яахаараа зэндмэнэ байдаг билээ гэж бодов. Бодож бодож “зэндмэнэ өвс” гэчихэд болохгүй ч юм алга л байна шүү дээ гэж өөртөө зөвшөөрөв. Зэндмэнэ гэгч нь нэгэнт хүссэн болгоныг бүтээдэг чухал зүйл гэж байгаа. Чухам юу вэ гэдэг нь тодорхойгүй. Тэгвэл тэр зэндмэнэ нь өвс ногоо ч байж болох аж. Өвс ногоо, ургамал бол амь амьдралыг тэжээн тэтгэгч, газар эхийн амин булаг. Өвс ногоо-мал мах-хоол хүнс-аж амьдрал-хүсэл мөрөөдөл...

Мань эр тал нутгийнхаа өвс ургамлыг ажиж өссөн хүн тул яавч зүгээр нэг чамирхах гэсэндээ “зэндмэнэ өвс” гээд хэлчхээгүй гэж гүжирдэн тааж бодоход ийм тайлбар олдож байна.  Ер нь ургуулан бодох юм бол хорвоо ертөнцийн бүхий л зүйлс шүлгийн мөр шад шиг хэлхээ холбоо, харилцан хамааралтай ажаам. Нэрээ л бодоод байхад учир  нь олдож начир нь тодорно доо.

“Огторгуйн харцнаас ангид мянган уулын түнэрт

Онгин сарны нүүдэл мөнгөн цөгцний гэгээтэй

Одохын жамаар ниссэн хуланц өвгийн минь гэрэлт сүнс

Ирэхийн жимээр ургасан Бурхантын цохионд уяатай

Цуурайлан хашхирах тэнгэрийн дор аянга цахилах агшнаа

Цулбуураа зангидах цаг хугацаа борооноос өмнө үнэтэй

Цутгалан үерлэж ирэх их мөндрийн товшоонд дунд

Цул сэтгэлийг олох газрын татах хүчтэй

Нигүүлсэнгүйд уусах мэт наран орхимжтой талаас

Нэгэн хэрээ жигүүрлэх нь оюун ухааны эхтэй

Нэвтэрч унасан цагаас бодол хөдрөх эх нутгийн

Нэгэн гэрийн буурь цагаан сүмийн чанартай

Хөхөл дэлээ шилгээх цавьдар хүлэг шиг элсэн цөлд

Хөлийн мөрөө үлдээсэн зэрэглээ мэт гунигтайдаа амьдрах

Хон хэрээ

Хөндийрч дүүрээд урамдах хөх буга шиг хөвчийн цөмд

Хөглөрч нүүгээд удах манан мэт бодолтойдоо алсрах

Хан хэрээ

Эзгүй сансрын үүсэл хүн төрөлхтний цэцэрлэгт

Энгийн нэгэн бутны чимээгүй хүслээр далавчилж

Эмт  одын бороо хүй цөглөсөн чулуун дээр

Эрхсийн зүүд гэрэлтсэн мөн чанараараа амирлаж

Үхэр тэрэгний мөөрөн дээр зуун зууныг үлдээгээд

Үлий цөмөрсөн цоорхойг өөрийн сүүдрээр сүвлэж ниссэн

Үйлийн тунгалаг гортиг дээр тэнгэрийн тигийг бүтээгээд

Үндэст газар, өвс ногоог өвчүүн дороо ивж ниссэн

Нүдээ аньж ниссэн

Нүүж, сууж ниссэн

Өдөө бууралттал ниссэн

Өгсөж, уруудаж ниссэн

Цаглашгүй эх хэлээ бурхадтай дамжилж ниссэн

Цагаан сүмийн хэрээ сэтгэлийн минь талд жигүүртэй

Мянган уулын түнэр лүү нисэн одох эсэх нь

Магад нарны шүлэгчээс хамаатай. (Цагаан сүмийн хэрээ 18-р тал ) 

Үйлийн үр бий, сүнс нэг биеэс нөгөө биед  шилжин дахин төрдөг гэх үзэл бол  цэвэр Дорно дахины сэтгэлгээ. Дээрх шүлэгт  дорно дахины энэхүү үзэл сэтгэлгээ  нэвт шингэсэн байх агаад монгол гэрийг “цагаан сүм” хэмээн илэрхийлсэн нь шинэлэг байна. Мөн найрагч анд минь өөрийнхөө сүнсийг хэрээтэй зүйрлэжээ. Хэрээ 300 насалдаг амьтан гэдэг. Хүний хорвоод бие сэлгэн оршигч сайн  сүнс тэгвэл түүн лүгээ адил буюу. Мөхөс би ийнхүү мэдэмгийрхэн бодож сууна.  Мөн тэрээр өөрийгөө “нарны шүлэгч” хэмээжээ. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар нэгэнтээ “Гэгээн наранд ойрхон өслөө, би...” гэж дуулсан шиг нөхөр минь ч бас яах аргагүй наранд ойрхон хүн билээ. Нар хөдөрч, өвс ногооны мөн чанарыг ойлгож, урд хунхарынхаа салхины үгийг таньж, зэрэглээн дотроос шүлгийн санаагаа эрчилж байдаг найрагч юм хойно нөхөр минь яалт ч үгүй “нарны шүлэгч” байхаас зайлахгүй.  Сэтгэл сэтгэлгээ нь тал нутгийнхаа энгээр тэлж явааг уран яруу шүлгүүдээс нь мэдрэн мэдрэн уншив аа.

Эмт одын бороо гэдэг наймдугаар  сарын дундуур ордог бороо юм. Энэ борооноор эмийн ургамал ургадаг аж. Яруу найрагч Ц.Доржсэмбэ нэгэнтээ хорвоо ертөнцөд орсон борооны тоог гаргаж үзэхийг санаашрахдаа хурмастын бороог “Хэд дэх бороо” юм бол доо хэмээн бодлогоширсон байдаг юм. Тэгвэл Эрдэнэбаярын Гантулга найрагч өвөг дээдсээс өвлөгдсөн ухаан, байгаль дэлхийн юмс үзэгдлийг мөн чанараар нь танин мэдэхийн гэгээн зөнд хөтлөгдөн  хөглөгдөж явна аа. Говь нутгийн гоо сайхан,  хүн зоных нь сэтгэл сэтгэлгээг хөндлөнгөөс таньж мэдрэх гэдэг амархан ч юм биш байхаа. Ямартай ч нарны шүлэгчээс асгарсан “Эмт одын бороо” -нд  элэг сэтгэл дэвтэж, ухаан санаа  тунгалагших шиг боллоо.

Аанай л бичсээр байх биз ээ, нарны шүлэгч анд минь.  

         

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Г.Лхагвадорж      

 

    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.29) 2019 оны 12 сарын 15

одооны найрагч нарт ахуй гэж юм байхгүй болсоон гэж Бадарч гуай хэлсэн байдаг юм тэр нь ч үнэн ... Харин энэ нѳхѳрт жаахан юм байгаад байх шиг байна

1  |  0
Top