СГЗ, Сэтгүүл зүйн доктор Л.Норовсүрэнгийн бүтээлийг 10 сая төгрөгөөр мялаалаа

2019 оны 12 сарын 13

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс зохион байгуулсан “ГАН ҮЗЭГ-2019” тэргүүн наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдгүүдээ шалгаруулсан билээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн 30 жилийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болсон 21 боть зохиолоо хэвлэн гаргасан нь Монголын сэтгүүл зүйн салбарын хувьд энэ оны хамгийн шилдэг бүтээлийн нэгдүгээрт зүй ёсоор нэрлэгдэж буй. 

Ахмад сурган хүмүүжүүлэгч Л.Норовсүрэн "Ган үзэг-2019" Тэргүүн наадмын “Шилдэг судлаач”-аар тодорч, шагнал гардах үеэрээ боть бүтээлийнхээ дээжийг МСНЭ-д өргөн барьсан юм. 

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэл мэдээллийн байгууллага бүрийг багшийнхаа 21 ботийг арилжааны үнэ болох 400.000 төгрөгөөр худалдан авч, мэргэжлийн түүх, онол туршлагын хөрөнгө оруулалт хийн, зохиогчийн хөдөлмөр зүтгэлийг дэмжихийг уриалаад, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн доктор, профессор Л.Норовсүрэнгийн оюуны өндөр үнэлэмжит бүтээлийг хувиасаа 10 сая төгрөгөөр мялаасан юм.
 

Судлаачийн энэхүү 21 боть нь сэтгүүл зүйн онол, түүх, арга зүйн асуудлуудыг бүрэн хамарсан цогцолбор ажил ажээ. Тухайлбал, Монголын нийтлэлийн түүхэн туршлагыг 13-р зуунаас эхлэн 800 жилээр, сэтгүүл зүйн түүхийг 1913 оноос эхлэн 100 гаруй жилээр, Монголын сэтгүүлчдийн арга туршлага, бүтээл туурвилын тоймыг 600 гаруй шилдэг сэтгүүлчийн үйл ажиллагаагаар төлөөлүүлэн судалж, эдгээрт нийт 8 ботийг зориулжээ. 21 боть зохиолын дотор сэтгүүл зүйн онол, арга зүйн асуудалд зориулсан нэг сэдэвт бүтээлүүд зонхилж байгаа бөгөөд Үүнд: “Хянан найруулах ухаан”, “Иргэний сэтгүүл зүй”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Радио сэтгүүл зүй”, “Фото сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл” зэрэг бүтээл багтаж байгаа юм. Энэхүү цогцолбор бүтээлд Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжил, онол туршлагыг иж бүрнээр шинжилж урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй сурвалжуудыг ашиглан олон чухал дүгнэлтийг хийжээ.


Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншиж танилцаарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top