Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

“Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн төв байранд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

“Соёлын дурсгалт өв–хадны зургийг олон улсад сурталчлах нь” төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжүүлжээ. Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна.

* * *

“МОНГОЛЫН САЯ ӨДӨР” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших “Рашаан хад”-нд хадгалагдсан хадны сүг зургуудын гэрэл зургаар 10.000 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, “Сэмүүн” студийн найруулагч, продюсер Б.Баярын “Монголын сая өдөр” зургийн үзэсгэлэнг ЮНЕСКО-гийн төв байранд гаргажээ.

Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10.000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудын нутагт орших 500 гаруй хадны зураг бүхий цогцолбороор аялжээ. Аяллынхаа явцад 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа газруудаар явж ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч аж.

* * *

“ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” ЭТНО БҮЖГЭН ЖҮЖИГ

Монголын соёлын өвд суурилан бүтээсэн “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн гол тайзнаа толилуулсан байна.

Этно бүжгэн жүжигт Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг олон соёлын биет болон биет бус өвийн элементүүдийг оруулснаараа онцлог болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top