Эртний уран зургууд өвөг дээдсийн сэтгэлгээний талаар юу өгүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

Эрдэмтэд, агуйн дүрслэх урлагийн үүслийн цаг хугацааг дахин урагшлуулав. Эдгээр олдвор болон бусад баримтууд бидний өвөг дээдэс олон мянга, магадгүй олон зуун мянган жилийн өмнө оюун санааны баялаг бөгөөд ээдрээтэй амьдралтай байсныг гэрчилнэ. 

Индонезийн Сулавеси арал өнө эртний хадны сүг зургуудаараа алдартай. 2021 онд Булу Сипонг 4 агуйд илрүүлсэн олдвор жинхэнэ шуугиан тарьсан билээ. Эртний зураач хар улаан өнгийн байгалийн зосон будгаар зурсан хоёр бодонг дүрсэлсэн байв. Агуйн дүрслэх урлагт зосон будаг ашиглах нь элбэг байдаг. Зүүн талд нь зурсан амьтны дүрс сайн хадгалагдаж үлдсэн бол баруун талын амьтны зөвхөн гуя хэсэг нь үлджээ. Тус хоёр амьтныг өөд өөдөөсөө харж буйгаар дүрсэлсэн байна. Тэднийг хөдөлгөөнтэй зуржээ. Магадгүй тэр хоёр зодолдож байгаа ч байж магад. Зураг дээр хүмүүсийг дүрслээгүй ч зүүн дээд буланд хоёр хүний гарын алгыг тойруулан зуржээ. 

Тухайн үед эл сүг зургийг дор хаяж 45500 жилийн настай гэж үнэлсэн байна. Энэ бол урлагийн бүтээлийг бүрхэж үлдсэн кальцит буюу шохойн жоншны нас юм. Харин зураг өөрөө үүнээс ч өмнөх үеийнх байх талтай. Ямартаа ч эдгээр тоонууд одоогоор шинжлэх ухаанд танигдсан агуйн дүрслэх урлагийн хамгийн эртний бүтээл болгов.

“Nature” сэтгүүлд тус олдворын цаг хугацааг шинэчилсэн судалгааг саяхан нийтэлжээ. Судлаачид зургийг бүрсэн кальцитыг дахин шинжилсэн байна. Гэхдээ энэ удаад илүү нарийн арга ашиглажээ. Үүний дүнд алдарт бүтээлийн нас хэдэн мянган жилээр уртсав. Өдгөө тус бүтээлийг 50 000 ±2000 жилийн настай гэж үзэж байна. 

Бодонгийн ав 

Мөнөөх Булу Сипонг 4 агуйд маш тод дүрслэлтэй эртний бүтээл 2019 онд олдож байжээ. Тэрхүү бүтээл мөн л хамгийн эртнийх гэсэн цол хүртэхээр өрсөлдөж байгаа. Агуйн хананд зэрлэг гахай болон Азийн одой одос үхрийн ан авыг дүрсэлжээ. Хүн дүрснүүд гартаа жад эсвэл бугуйл шиг зүйл барьжээ. Хэрэгт дуртай судлаачид зарим анчдыг сүүл болон шувууны хошуутай зурсныг олж харсан байна. Үүнийг хүй нэгдлийн омгууд өөрсдийгөө ямар нэгэн амьтнаас үүссэн гэж үздэг байсантай холбон тайлбарласан байна. Сулавеси аралд олдсон олдвороос үзвэл ийм итгэл үнэмшил эрт дээр үед үүсжээ. Тус хадны зургийг анх нээсэн судлаачид 44 мянган жилийн настай гэж тооцоолсон бол саяхны судалгаагаар насыг нь 48 мянган жил болгон уртасгасан байна. 

Нууцлаг дүрслэл 

Үүнтэй зэрэгцэн судлаачид бас нэг сүг зургийн цаг хугацааг шинээр тогтоожээ. Тэр бол 2017 онд мөн л Сулавеси арлын Карампуанг агуйд олдсон хүй нэгдлийн үеийн урлагийн бүтээл. Шохойн давхарга хууларсны улмаас олдвор муу хадгалагджээ. Гэхдээ зураг дээр том хэмжээний зэрлэг гахайн дүрсийг ялгаж харах боломжтой. Гахайг тойрон гурван хөдөлгөөнтэй хүний дүрс зуржээ. Тэднийг хүн гэхэд бэрх. Магадгүй ямар нэгэн домгийн хагас амьтан байх талтай. Тэдний нэгийг гартаа ямар нэгэн зэвсэг эсвэл хэрэгсэл барьж буйгаар дүрсэлсэн байна. Судлаачид үүнийг мөн л ан авын дүрслэл хэмээн таамаглаж байна. Нутгийн хүмүүс эрт дээр үед л зэрлэг гахай агнадаг байжээ. 

Шинэ судалгаагаар тус хадны зураг 53 000 ±2000 жилийн настай болохыг тогтоосон байна. Тиймээс долоон жилийн өмнө олдсон энэхүү олдвор агуйн дүрслэх урлагийн хамгийн эртний бүтээл гэсэн цолыг хүртэхээр Булук Сипонг 4 агуйн бүтээлтэй өрсөлдөхүйц болоод байна. Сонирхолтой нь тус хоёр агуйд олдсон сүг зургуудыг нэг арга барилаар зурсан байна. Тиймээс эдгээрийг нэг соёлд хамаарах зураачид бүтээсэн гэж үзэж буй. 

Сулавеси арлын хүн хүрэхэд бэрх агуйнууд үүнээс ч эртнийхэд тооцогдох боломжтой олон тооны балар эртний бүтээлүүдийг нандигнан хадгалж байгааг үгүйсгэхийн аргагүй. Евроазиас Австрали руу чиглэсэн том нүүдлийн үеэр эртний хүмүүс анх Сулавеси аралд суурьшсан гэж түүхчид үздэг байна. 

Гарал үүслийн эрэлд 

Энэ бүх олдворууд бүхэлдээ соёлын түүхийн талаар юу өгүүлнэ вэ? Юуны өмнө, эл олдворууд нь сүг зураг 12 мянга жилийн өмнөөс буюу Мөстлөгийн үеийн сүүл гэхэд л дэлгэрч эхэлсэн гэсэн ойлголтыг үгүйсгэж байна. Энэ дүгнэлтийг Европт илэрсэн агуйн дүрслэх урлагийн бүтээлүүдийг судалсны үндсэн дээр хийж байв. Гэвч евроцентризм судлаачдыг нэг бус удаа төөрөгдүүлж байлаа. Европын хөлдсөн уудам нутгийг бодвол экватор орчмын арлууд урлаг хөгжихөд илүү таатай байсан биз. 

Сулавеси арлын олдворууд хүн хэзээ зурж сурсан бэ гэсэн асуултад хариу өгдөггүй. Хадны зургууд олон зуун мянган жилийн өмнө байсан ч хадгалагдаж үлдээгүй юм болов уу?

Ямартаа ч дүрс, тэмдэг зурж сурсан нь соёлын хувьслын шинэ эрин үеийг нээсэн нь дамжиггүй. Сүг зураг бол дүрслэгдэж буй объект өөрөө биш. Түүнийг тайлбарлахын тулд сэтгэлгээ болон төсөөлөл шаардлагатай. Харин хүн хэзээ, хэрхэн энэхүү хязгаарыг давсныг бид хараахан олж мэдээгүй л байна. 

Хүний анатоми, тэр дундаа тархины хэмжээ 300 мянган жилийн өмнө /өнөөг хүртэл олдсон олдворуудаас үзвэл/ Homo sapiens төрөл бий болсон цагаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл биологийн хувьд манай төрөл зүйлийн анхны төлөөлөгчид биднээс тэнэг байгаагүй гэсэн үг. Неандертал болон сапиенсуудаас ч өмнө Евроазид 800-400 мянган жилийн өмнө суурьшиж байсан Хайделбергенсис хүмүүс мөн муугүй ухаантай байжээ. Тэд гал асааж, арьсаар хийсэн хувцас өмсөж, тэр бүү хэл ярьж чаддаг байсан байх талтай. Үүгээр үл барам тэд нэг төрлийн овоохой хүртэл барьдаг байсан аж. Зурж чадахгүй байж байж овоохой барьж сурсан байж таарах уу?

Гэхдээ энэ бүхэн бол зөвхөн шууд бус нотлох баримтууд. 50 000 гаруй жилийн өмнөх үеийн хадны сүг зураг маш цөөн олдсон бөгөөд эдгээр нь туйлын энгийн дүрслэлүүд юм. 

Биссектрисүүд ба баримлууд

Өмнөд Африкийн Бломбос агуйн ханыг 73 мянган жилийн настай гурвалжин хэлбэртэй хээний зургууд чимдэг. Эдгээрийн талыг нь зосон будгаар зурсан бол үлдсэн хэсгийг нь ханад сийлжээ. 

Тэр агуйн ойролцоо элсэн дээр зурсан геометрийн дүрсүүд олдсон байдаг. Археологичдын аз болж элсэн дээрх зургууд чулуужиж, цаг хугацааг туулан иржээ. Эртний зураач дугуй, гурвалжин зэрэг дүрснүүдийг зурж үлдээсэн байна. Гурвалжнуудын нэг нь тэгш талтай бөгөөд голоор нь биссектрис татжээ. Эдгээр бүтээлийн насыг 80-130 мянган жил гэдэг ч нарийн тодорхойлоход хүндрэлтэй аж. 

Бломбос агуйн дүрснүүд уран зураас уу эсвэл хээ юу? Эсвэл ой мод, уулыг дүрслэх гэсэн болхи оролдлого уу? Яг таг хэлэхэд туйлын бэрх. 

Саудын Арабд 50 см урт чулуун сүх 2023 онд олдож байжээ. Тус олдворыг гарт  барих боломжгүй тул бэлэг тэмдгийн шинжтэй баримал байж магадгүй гэж үздэг байна. Эл олдвор ямар нэгэн сүсэг бишрэлтэй холбоотой байж ч магадгүй. Учир нь хүмүүсийг дарханы ухаанд сургасан баатруудын тухай маш олон тооны домог байдаг. Энэхүү олдвор 200 мянган жилийн настай. 

Харин хамгийн эртний бөгөөд хамгийн маргаантай оюуны хөдөлмөрийг гэрчилсэн олдворыг Өмнөд Африкийн Вандерверк агуйгаас олж байжээ. Тэр нь 500-300 мянган жилийн өмнөх үеийн зосон будгийн хэлтэрхийнүүд. Байгалийн ямар ч үзэгдэл оохрыг агуйн гүнд аваачихгүй гэдэгт эрдэмтэд санал нэгддэг. Тэгэхээр үүнийг хүмүүс авчирсан байж таарна. Харин яах гэж? Байгалийн будгийн зөөлөн хэсгүүдийг багаж, зэвсэг болгон ашиглах боломжгүй. Ямар нэгэн зүйл зүсэж, үрж болохгүй. Харин байгалийн будгаар зурж болно. Яг л олон зуун мянган жилийн дараа дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс зурж байгаа шиг. Эсвэл байгалийн будгаар булш зэрэг ач холбогдол бүхий газрыг тэмдэглэж болно. Ийм олдворууд олон бий. Гэхдээ эдгээр нь Вандерверк агуйд олдсон зосон будгаас хамаагүй залуу. 

Өнгөрсөн үе рүү гүн гүнзгий нэвтрэх бүрд бидний өвөг дээдсийн оюун санааны амьдралын ул мөр улам бүр бүдгэрч, балардаг. Олон арав, зуун мянган жил тэднээс маш цөөн зүйлсийг бидэнд авчирчээ. Гэсэн хэдий ч археологичдын нээж буй олдвор бүр балар эртний үед хүмүүс төсөөлөл, уран бүтээлч сэтгэлгээ, хэлбэр дүрсний талаарх ойлголттой байсныг дахин дахин нотолсоор. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top