Царцсан төслийг хөдөлгөж, ЦАГААННУУРЫГ “ЧӨЛӨӨЛЬЕ”

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Ардчиллын замналаар замнасан өнгөрсөн 30 жил манай улс чөлөөт эдийн засгийн замаар үсрэнгүй хөгжсөнийг Олон улсад онцолж ардчиллын “Баянбүрд” гэж байсан удаатай.

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Алтанбулагийн араас Замын-Үүд, Цагааннуур гээд чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах талаар ярьсаар. Гэвч өнөөдрийг хүртэл цагаан дээр хараар бичсэн чөлөөт бүсүүдийн үзэл баримтлал бодит амьдралд үг төдий оршиж байна.

МАРТАГДСАН ЦАГААННУУР

Чөлөөт бүсийн асуудлыг хөндөхөд зүүн хойд хязгаарт байрлах Замын-Үүд, хойд  хөрштэй хиллэх Алтанбулаг гэж ойлгодог. Харин эдийн засгийн ашигтай бүсэд буйдхан оршиж буй Цагааннуурыг тийм ч сайн мэдэхгүй.

УИХ-аас 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан. Энд Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудыг баруун бүсийн аймгуудад хамруулаад эдгээрийг хил дамнасан худалдаа, ложистикийн идэвхтэй бүс болгоно гэж үзсэн. Ингэхийн тулд Цагааннуур, Хандгайт, Булган, Бургастайн чиглэлээр ОХУ, БНХАУ-ын  худалдаа-эдийн засгийн сүлжээнд холбох  зорилтыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байдаг. Улмаар манай улсын хөндлөн болон босоо тэнхлэг буюу Евро Азийг холбосон АН-4 олон улсын авто замын ач холбогдлыг харгалзан үзэж Цагааннуур тосгонд худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж Монгол, Орос, Казахстан, Хятад дөрвөн улсын бүс нутгийн хүрээнд харилцан ашигтай, хамтран ажиллах бизнесийн орчныг бүрдүүлэх, ирээдүйд эдийн засгийн томоохон төв болгох буюу бидэнд дэндүү танил ч хэзээ ч биелээгүй Чөлөөт бүсийг байгуулах төлөвлөгөөтэй байлаа. Энэ эдийн засгийн өндөр үр ашигтай чөлөөт бүсийг бүрэн утгаар нь байгуулах ажил удаашралтай байгаа учраас ОХУ, БНХАУ хоорондын бараа, худалдааны эргэлт манай улсын зүүн хязгаарт байрлах Манжуураар дөрвөн удаагийн тээвэрлэлтийг дамжиж, биднээс гадуур өнгөрч байна. Хэрэв энэ чөлөөт бүсийн анхны үзэл санааг анхаарч үзээд эдийн засгийн тооцоогоор нь эрчимтэй явуулсан бол эдүгээ Орос, Хятадын бараа, худалдааны эргэлтээс боломжийн хэмжээний хөрөнгө мөнгийг Цагааннуур чөлөөт бүс Монгол Улсад оруулах боломж байлаа.

ЦАГААННУУРЫНХАН ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

Тэртээ 2003 онд Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улмаар Засгийн газрын 134 дүгээр тогтоол гарсны дагуу 2005 онд албан ёсоор байгуулжээ. 15 дахь жилтэйгээ золгож буй энэ чөлөөт бүсэд 2006-2019 онд  улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Улмаар Засгийн газрын тогтоол гарсны дагуу Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан. Холбогдох хуультай, хийх ажилтай учраас тус бүсийн захиргаа 2017 онд үйл ажиллагаагаа хэсэгчлэн эхлүүлэхийн тулд гаалийн байгууллагын тавьсан шаардлагын дагуу нэг га газрыг худалдаа үйлчилгээний талбай болгон засч тохижуулан гэрэлтүүлэг суурилуулах, хяналтын камеруудыг өндөр хурдны сүлжээнд холбуулжээ. 

НАЙДЛАГА

“Чөлөөт бүсийн тухай” Монгол Улсын хуульд “чөлөөт бүс” гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийг ойлгоно гэж заасан байдаг. Ирээдүйд байгалийн баялагаа барж, бэлчээр нутгаа талхлаад дуусахад дэлхийд тэргүүлэгч хоёр гүрнийг холбосон Цагааннуур чөлөөт бүс мэт худалдаа, арилжааны  хуурай газрын боомтууд эдийн засагт чухал байр суурь эзэлнэ гэсэн үг. Чөлөөт бүсэд Монгол, Хятад, Орос, Казахстан зэрэг улс хоорондын арилжаа наймаа өрнөх боломжтой юм. Манай  улс уг бүсийг эзэмшдэгийн хувьд давуу эрхтэйгээр тоглоомын дүрмийг тогтооно. Манжуураар дамжин өнгөрч буй их гүрнүүдийн худалдаа наймааны эргэлтийн нэг хэсэг нь Цагааннуураар дамжина. Чөлөөт бүсэд үйлчилгээний салбарууд эрчимтэй хөгжиж монголчууд тэндээс ашиг олно. Чухам энэ бүс нутагт “Алтан манжуур” гэдэг шиг Цагааннуур хот утгаараа бий болно. Энэ мэтээр зөвхөн энэ бүсийг зөв голдирлоор хөгжүүлснээр гарах эдийн засгийн үр өгөөж, нийгэм, соёлын үсрэнгүй дэвшил ямар ихийг тоочоод баршгүй.
 


2017 оны нэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг Цагааннуур чөлөөт бүсэд очиж газар дээр нь үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тэр үеэр тус чөлөөт бүсийн удирдлагууд ойрын хугацаанд чөлөөт бүсийг хэсэгчлэн  нээж үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг Засгийн газраар шийдвэрлүүлэх, энэ бүсэд үйл ажиллагаа явуулах гаалийн хяналтыг шийдүүлэх хүсэлтийг уламжилж байв. Ингэж Монгол Улсын төр мартагдсан чөлөөт бүс, эдийн засгийн эрх чөлөөний нэг хэсгээ эргэж санасан. Цагааннуурын чөлөөт бүсийн асуудал улмаар өнгөрсөн оноос эхлэн шийдвэр гаргагчдын анхааралд өртөж баруун хязгаарт “гэрэл” ассан юм.

Тэр цагаас хойш Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн алба чамгүй ажлыг амжуулжээ. Хөрөнгө оруулалт хийлгэх гэрээтэйгээр хэд хэдэн ААН-д газар олгоод байгаа аж. Энд тээвэр ложистикийн төв, Үйлдвэрийн парк, Худалдааны төв, Дата төв зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хүсэлтээ өгчээ. Түүнчлэн, Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс чөлөөт бүсийг хөгжүүлэхэд бодлого, туршлагын дэмжлэг авахаар ажиллаж байна. Мөн Монгол Улс болон БНХАУ хоёр орны хооронд тус бүсээр дамжуулан худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын шат дараатай ажлыг хийхээр санамж бичигт гарын үсэг зуржээ. ОХУ, тэр дундаа Сибирийн олон улсын хамтын ажиллагааны ассоциац санаачилга гарган Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай тус бүсийг түшиглэн эдийн засгийн үр өгөөжтэй түншлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ мэт сайн мэдээ манай Засгийн газарт Цагааннуурын чөлөөт бүсийг “чөлөөлж” жинхэнэ утгаар нь ажиллуулах сонирхлыг төрүүлээд байна. Чөлөөт бүсээс ашиг олж, эдийн засгаа дэмжиж буй ОУ-ын туршлагыг ч хангалттай мэддэг болсон. Тухайлбал БНСУ-ын олон улсын Инчеон нисэх буудал л гэхэд өөрийн талбайд чөлөөт бүсийн үйл ажиллагааг явуулдаг. Инчеоны нийт худалдаа, үйлчилгээний эргэлтийн 70 хувийг АНУ дангаараа эзэмшдэг бол БНСУ өөрсдийн бүс нутагт талбай, агуулах, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгосны төлөө жилдээ  900 сая ам.долларын ашиг олж байна. Цагаануур чөлөөт бүс энэ мэт бүсүүдтэй адил ашиг олох боломжтой юм.

ОХУ, БНХАУ чөлөөт худалдааны 68 тэрбум долларын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэд хэлснээ хийдэг, хийсэн нь үр ашигтай байдаг том тоглогчид. Ашигтай байхын тулд алдагдалтай арга замаас зайлсхийнэ. Яг энд манай Цагааннуур “долларын нуур” болох ирээдүй харагдаж байна. Зөвхөн уг хоёр улсыг арилжаа, ложистикыг Цагааннуураар дамжуулснаар жилдээ манай улс нэлээн хэдэн сая  ам.долларын цэвэр ашиг олох боломжтой. Цаашлаад бид Цагааннуур чөлөөт бүсэд дэлхийн томоохон худалдаа, үйлдвэрлэлийн корпорац, үйлдвэрлэгчдийг урин авчирч, өөрсдөөр нь ажлыг нь хийлгээд ашгаа аваад, улсаа хөгжүүлээд явах бүрэн боломжтой.

Тиймээс монголчуудад олдсон түүхэн боломжийг ашиглаж баруун хязгаар дахь чөлөөт бүсийн бодит өгөөжийг харж эдийн засагтаа гэрэл асаах цаг болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.55.188.81) 2019 оны 12 сарын 18

Naad zvil chin shal hudlaa bvtehgvi

0  |  0
Гүлгина(202.126.88.57) 2019 оны 12 сарын 18

Энэ бол маш том ажил.Хурдан эхлүүлэх хэрэгтэй

0  |  0
УЛСЫН хөгжил (202.126.89.108) 2019 оны 12 сарын 18

Засгийн газар хурдан төлөвлөгөө гаргаад ажиллах хэрэгтэй. Ийм том боломжыг удаашруулж болохгүй.

0  |  0
Batzandan(139.5.219.49) 2019 оны 12 сарын 17

Boomt

0  |  0
Top