Зам тавьж, барилга барих гэж УИХ-ын гишүүн болдоггүй юм

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад шинийг эрэлхийлэх болжээ. Тодотговол, нийгэм, улс төрийн шинэ бүтцийг хүсэх болсон нь юу юунаас тод харагдана. Өнөөдөр таван сум төлөөлдөг нөхөр өөрийгөө “Дархан түшээ”, хоёр сонгогдсон нөхөр  “Туршлага бүхий улстөрч” хэмээн нэрлүүлэх болсон. Улс төрийн намууд ч “Олон жилийн туршлагатай”, “Ил тод ардчилсан” гэх мэт шошго өөртөө наах болжээ. Үнэн хэрэгтээ энэ нэр хаягийг тэдэнд сонгогчид өгдөггүй, өөрсдөө өгдөг. Нөгөө талаар сонгуулийн тогтолцооны гажуудлаас ийм нэр томъёо үүсч байна гэсэн үг.

Гэтэл иргэд сонгогчид өнөөгийн парламентад суудалтай намууд ч биш, өөр бусад намууд ч биш, олон сонгогдсон УИХ-ын гишүүн ч биш ерөөсөө цоо шинийг хүсч эрэлхийлж байна. Тэгэхээр манай улсын нөхцөлд энэ асуудлыг сонгуулийн тогтолцоогоор илааршуулах ёстой ч тодорхой гарц шийдэлд хүрч чадахгүй олон оныг үдлээ. Ямартай ч энэ удаад дахин Сонгуулийн хуульдаа гар хүрч, өөрчлөх нь тодорхой боллоо. Гагцхүү дагалдах олон хүчин зүйлээ цэгцэлж чадах уу гэдэгт хамаг учир оршино. Олонхийн бүлгийн санал нэгдээд байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлт нь дагалдах олон зүйлээ бодлогын түвшинд хийчихвэл бага ч атугай асуудал нааш эргэх найдлага байна.

Жижиг тойргоос буюу таван сум төлөөлдөг нэг нөхөр өөрийгөө “Дархан түшээ” гэж хэлж чадахаа болино, төсөв тарамдахгүй гээд олон зүйлд эерэг хандлага бий болно. Гэхдээ томсгосон тойргийн систем нь сонгодог утгаараа хэрэгжих үү, сөрөг тал нь юу байна, манай нөхцөлд тохирч чадах уу, зах хязгаарын иргэд орхигдох уу, шинэ тутам залууст тохирох уу гээд олон асуулт хариултаа хүлээж байгааг ч анзаарч байгаа биз ээ. 

СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ АЛЬ НЭГ НАМД ЗОРИУЛАГДСАНГҮЙ

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл, Олонхийн бүлэг олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар санал нэгдэж байгаа нь ирэх сонгууль энэ системээр явах нь ойлгомжтой боллоо. Ерөөсөө сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж ирсэн жишиг нэгэнт тогтсоноороо энэ удаагийн өөрчлөлт хийгдэж байгаа ч эерэг зүйл сонсогдож байгаа нь сайн талтай. Өөрчлөлт нь 1992, 2008, 2012 оны сонгууль явуулсан хувилбар боловч урьд өмнөх шиг Үндсэн хуулиа зөрчихгүй гэдгийг дуулгасан. Урьд өмнө сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоо нь 48:28 гэсэн хувилбар сонгодог байсан нь 48 нь томсгосон тойрог дээрээс, 28 нь намын жагсаалтаар сонгогдож байсан нь Үндсэн хуульд заасан “Иргэд шууд сонгох” гэх заалтыг зөрчиж байсан юм. Тодотговол, сонгогчдын намд өгсөн саналын рейтинг дагаад 28 дотор эрэмбэлэгдсэн дарааллаар УИХ-д орж ирдэг байсныг таслан зогсоожээ. Тэгэхээр айсуй 2020 оны сонгууль олонхийн бүлгээс дэвшүүлж буй хувилбараар явах нь тодорхой боллоо гэсэн үг. Утга агуулгаас харж байхад Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нь ямар нэг улстөрч, аль нэг намд зориулагдаагүй нь илт. Зориулагдсан бол тэд намын нэрээр УИХ-д нэгнээ оруулахаас эхлээд олон зүйлд анхаарал хандуулах байлаа.

ОЛОН МАНДАТТАЙ, ТОМСГОСОН ТОЙРГИЙН САЙН ТАЛ

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нөхөр таван суманд ялалт байгуулчихаад 6000 хүний эрх ашиг хамгаалаад бусад нь огт хамаагүй байдаг тогтолцоогоор бид сонгуульдаж ирсэн. Тэд чинь 6000 сонгогчийн эрх ашгийн төлөө бус нийт монголчуудын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн хүн гэдгийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Харин энэ удаагийн Сонгуулийн хуульд үүнийг ойлгуулахуйц өөрчлөлт оржээ гэж харж байна. УИХ-ын гишүүн бол Монголын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөх улсын хэмжээний хууль батлах учиртай болохоос биш, цэцэрлэг бариулж, зам тавих үүрэг хүлээсэн хүмүүс биш. Ямартай ч энэ удаагийн хувилбараар бол нэг аймгийг гурав бус 1-2 гишүүн төлөөлөх бололтой. Олон хүн амтай аймагт хоёр мандатын тоо оногдох байх. Энэ бол ардчилсан үзэл санаа, зарчимд дөхөж очиж буй хувилбар юм. Түүнээс бус 70 шахам мянган хүн амтай Хэнтий аймгийг гэхэд гурав хувааж 5000 гаруй хүний санал авсан нөхөр Төрийн эрх барих дээд байгууллагад Монгол Улсад хууль тогтооно гээд сууж байна. Архангай аймаг 100 гаруй мянган хүнтэй, гурван мандаттай. Гэтэл өнгөрөгч сонгуулийн статистик мэдээнээс харахад 38 мянган хүн саналаа өгснөөр УИХ-ын гурван гишүүнтэй болж байх жишээтэй. Үүний дараа өөрт оногдсон тав, зургаан сумын иргэд болон тэдний нийгмийн асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. 

Хамгийн том аюул нь жижиг тойргоо сонгогдсон 2000 гаруйхан хүн амтай суманд 240 хүний суудалтай хоёр давхар аймгийн статустай Соёлын төв барьж байна. 1500 хүн амтай суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн төсөв суулгаж гэх мэтээр төсөв тарамдах нь элбэг. 2000 хүн амтай суманд аймгийн статустай Соёлын төв барихын хэрэг юун. Харин УИХ-ын чуулганы босго давах гэж байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр энэ байдал цэгцэрнэ.

ОЛОН МАНДАТТАЙ, ТОМСГОСОН ТОЙРГИЙН СӨРӨГ ТАЛ

Олон мандаттай, томсгосон тойргийг маш сайн хэмээн магтах нэгэн байгаа ч сөрөг зүйл ч байж таарна. Тухайлбал, томсгосон тойргийн сөрөг тал нь зах хязгаарын сумд, тэнд амьдарч байгаа иргэдийн ахуй амьдрал орхигддог гэдэг. Томсгосон тойргийн гишүүн алс баруун Алтайн цаад талын хүн ам цөөтэй сумдаар аяны дөрөө амрааж байн байн зочлоод байдаггүй. УИХ-ын гишүүн нь сум бүрээр, айл бүрээр зочлох алба байхгүй л дээ. Манайд тогтсон нэг жишиг бол нэр дэвшигч, гишүүд тойрог тус бүрээр орж иргэдийн гар цайлгах болж өгвөл олон айл өрхөөр зочлох гэх мэт хэнд ч хэрэггүй зүйл үйлчилдэг. Хүүхдийн баяр, Ахмадын баяраар бэлэг тараахгүй бол саналаа өгөхгүй зэрэг тогтсон жишиг бий. Нэгэнт тогтоож өгсөн жишиг сонгогчдын дунд үгүйлэгдэх нь гарцаагүй учраас нүдээ аниад дасгах хэрэгтэй. Бэлэг тараах гэж УИХ-ын гишүүн болоогүй гэдгээ ч ухааруулах ёстой. Бас нэг зүйл нь томсгосон 76 тойрогт парламент, цаашилбал Монгол Улсад хэрэгтэй ид хийж бүтээх насны залуучууд орох боломж хомс болно. Яагаад гэвэл тэд танил биш. Тэд Ц.Нямдорж шиг, Д.Лүндээжанцан шиг зургаан удаа сонгогдож, хорин хэдэн жил телевизээр яриагүй болохоор хэн ч танихгүй. Өнөөх л таньдгаа сонгох магадлал өндөр. Тэгэхээр улс төрд горилж байгаа шинэ залууст халгаатай байж болох юм.

МАНДАТЫН ХУВААРИЛАЛТ ХАРЬЦАНГУЙ ЯВЖ ИРЖЭЭ

Хуучин 2012 оны сонгуулийн тогтолцоо бол Монгол Улсыг 48 тойрогт хувааж, 28 нь намын жагсаалтад багтаж байсан бол одоогийн өөрчлөлтөөр Монгол Улсыг 76 тойрогт хуваана. Намын жагсаалт гэж байхгүй. Ийм учраас тойргийн хуваарилалт дээр анхаарах зүйл олон бий. Жижиг, томсгосон тойргоор ээлжлэн сонгууль явуулсан монголчууд тойргийн хуваарилалт, төлөөллийн зарчмаа зөрчиж ирсэн түүхтэй. Одоо байгаагаар бол 60 гаруй мянган хүн амтай Говь-Алтай аймаг УИХ-д ганцхан төлөөлөлтэй байхад 70 орчим мянган хүн амтай Хэнтий аймаг гурван мандаттай байх жишээтэй. Энэ бол асар том зөрчил. 

Гэтэл Хэнтий аймгаас бараг хоёр дахин илүү хүн амтай Хөвсгөл аймаг гурван төлөөлөлтэй байх жишээтэй.  Өнөөдөр 70 шахам мянган хүн амтай Дорноговь, 16 мянган хүн амтай Говьсүмбэр аймаг нь нэг тойрог бөгөөд хоёр төлөөлөлтэй. Хэрвээ аймаг тус бүрт мандат олгоно гээд хуулиар заачихвал 16 мянган хүн амтай аймаг тусдаа мандат авах уу гээд хөндөгдөх асуудал бий. Нийслэлд гэхэд 350 орчим мянган хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан гээд дүүрэг байдаг. Нөгөө талд 10 хүрэхгүй мянган хүн амтай дүүрэг ч бий. Энэ тал дээр байнга алдаа гаргаж ирснээ санахад илүүдэхгүй биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зорро(192.82.69.8) 2019 оны 12 сарын 18

хамаатнаа оруулах гэж болдоггүйм

0  |  0
Top