"Зул сарын үдэш" Ө.Уянгын эгшгээр хөглөгдөв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Дуурь гэдэг үг нь дуурьсахуй буюу олон хоолойн ухаан гэсэн үгний үндэс хэмээх олонлог, цогц гэсэн үгний язгуураас үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм.  Өрнөдийн театраас дуурь үүссэн бөгөөд  эртний эмгэнэлт жүжиг болоод дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд хөгжим, драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж Итали оронд түгэн хөгжиж, хөгжмийн үлгэр, хөгжмийн жүжиг гэсэн нэртэй байснаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна. Оpera хэмээх итали үгийг үгчилж орчуулбал англиар the work эсвэл labour, монголоор орчуулбал ажил, эсвэл хөдөлмөр гэсэн утгыг илэрхийлнэ. Дуурийн урлаг нь театрын урлагийн бүхий л төрлийг агуулсан урлaгийн томоохон цогц бүтээл юм.

Үүнийг өгүүлэхийн учир Монголын дуурийн урлагт цахиур хагалсан сопрано дуучин Ө.Уянгын дуулалт хийгээд түүний хоолойны цараа дэлхийн хэмжээнд  гайхагдаж яваа гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Тэрээр Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөл “Богем” дуурийн Мими, “Травиата” дуурийн  Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг өөр, өөрийн гэсэн өвөрмөц араншин, дотоод оршихуйтай дүрүүдийг тайзнаа амилуулж, хоолойныхоо цараа, чансаагаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлсээр ирсэн. Опера Дива Ө.Уянга бүсгүйг зүгээр ч нэг “Алтан гургалдай” хэмээн өргөмжлөөгүй билээ. Түүнийг дуулахад л алтан гургалдай уянгалан дуулж байна уу гэлтэй хөг эгшиг бүхий л зүрх сэтгэлийг эзэмдэж энэ орчлонгоос тасрах увдисыг мэдрүүлнэ. Цог золбоотой гал халуун насны ид хав, дайчин цуцашгүй чанартай дуучин бүсгүй өмнө нь “Уянга”, “Бахархал”, “Монгол", “Grand Opera” “Эрхэмсэг” зэрэг 10 гаруй тоглолт хийж үзэгч олноо хүргэсэн билээ.  Энэ сарын 13-нд  тэрбээр шинэ жилийг угтаж “Зул сарын үдэш” тоглолтоороо бэлэг барьсан юм.

 

Цав цагаахан хөшиг, цав цагаахан цэцэгсээр хүрээлсэн Дуурийн театрын үүднээс эхлээд Ө.Уянгын зураг инээмсэглэн угтана. Гаднаас даарч орж ирсэн зочдыг чимчигнэсэн халуун дарсаар дайлж танхим руу ороход  тайз тэр чигтээ шинэ жилийн уур амьсгалаар халгиж,  гэрэл чимэглэл гялтаганаж, эртний хийцийн “лаа” энд тэнд асаж, цасанд дарагдсан нов ногоон гацуур хүрээлсэн үлгэрийн гэмээр ертөнцийг бүрдүүлсэн байлаа.

Түүнтэй ярилцахад тайзан дээрх Уянга, энгийн амьдрал дээрх Уянга хоёр тэс өөр харагдсан. Тайзан дээрх Уянгын харцанд адын гэмээр хор шар буцалсан оч гялалзах нь цаг хугацааг эрхшээгч хатан хаан лугаа хязгааргүй их эрх мэдэл, бүхнийг даран чадагч хүч чадал, юунд ч үл нугарах эр зориг ханхийнэ. Тэрбээр “Тайзан дээр гарахдаа зарим хүн байнга зүүж явдаг сахиусаа үнсээд гардаг гэсэн. Миний өөрийн харсан тэнгэр байдгийг би мэдэрдэг. Тайзны буг нь ч байдаг юм уу, бурхан нь ч байдаг юм уу мэдэхгүй, өөрийн эрхгүй намайг тайвшруулдаг болохоор тайзны эзэн тэнгэрт мөргөөд л гардаг даа” гэж  даруухан өгүүлсэн юм. Уянга амьдрал дээр их тайван, дөлгөөн, энгийн, хээгүй, гүдэсхэн хүн. Харин тоглолт дээр тэрхүү Уянгыг тайлж хаячхаад огт өөр хэн нэгэн болж төрнөм. “Травиата” дуурийн Виолеттагийн дүрээр тэр энхрий хонгор атлаа хайр сэтгэлийнхээ төлөө шаналж, дотоод сэтгэлийн энэлэн дүүрэн нэгэн болж хувирдаг бол Ж.Верьдийн “Риголетто” дуурийн Жильдагийн дүрээр 16-хан  настай, цэвэр ариухан охины гэнэн цагаахан сэтгэлээр тунгалагхан дуулах нь гайхам. Та бүхний сайн мэдэх “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан бол түүний оргил дүрүүдийн нэг.  Асаж дүрэлзсэн, хорсож зэвүүцсэн адын санаа хийгээд ялан дийлэхийн, аван идэхийн шунал тачаал, гоо үзэсгэлэнгийн хараалт тусгал, голт зүрхний байж ядсан тэсрэлт энэ дүрээс оргилж эцэст нь тултал “жиргэж” магад түүнээс ч цааш хоолой нь гарах чадал буйг харуулнам. Тийм ээ, “Зул  сарын үдэш”-ээр тэр бүхий л дүрд хувирч тайзыг эзэгнэж чадсан юм.

 

Ө.Уянга “Тайзан дээр миний биеэр юу ч нэвтрээд, ороод гарахад сүнслэг ахуйн үүд хаалга нээлттэй байх шиг санагддаг. Жишээ нь би дуулж байгаа дүрдээ орохын тулд өөрийнхөө биеийг юунд ч хувиргаж чадах хамелеон болчихдог” гэж хэлсэн нь яах аргагүй санаанд буув. А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари, Ж.Верди, А.Моцартын ари, “Ромео, Жулетта” дуурийн Жулеттагийн ари, “Севиллийн үсчин дуурийн Розинагийн кавантина, “Сарьсан багваахай” дуурийн Адеагийн ари, И.Штраусын вальсуудаас түүвэрлэн дуулж, дэврүүн, гуниглуун, учирласан, аргадсан, цөхөрсөн, өвдсөн, шаналсан, бардамнасан бүхий л сэтгэлийн хөдөлгөөнийг дуу хоолойгоороо, нүүрний хувиралаараа, биеийн хэлэмжээрээ, харцаараа илэрхийлнэ. Мөн түүнчлэн баярын уур амьсгал оруулах шинэ жилийн мэдрэмж төрүүлмээр цас шиг хөвсгөр, хээнцэр аялгуунуудыг сонгож гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай “Мэри Видов” дуурийн вальс “эргэж”, Соёлын тэргүүний ажилтан Б.Гомбо-Очиртой  “Das Land des Lachens” дуурийн Sou-chong-ийн аринд “дурлалцаж”, Р.Доржхорлоотой “Лакми” дуурийн Лакми, Малика нарын хоршлыг “найрсаж” зул сарын үдшийг улам ч төгөлдөржүүлж, хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлээд авав.

Дуучин бүсгүй "Урлах эрдэм" дээд сургуулийн уран гартай үйлчдийн урласан сонгодог хийцтэй, шинэ жилийг санагдуулам эрхэмсэг тансаг даашинзаар гангарч олны нүд унагаж байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Цасан цагаан, гүн шөнийн, час улаан торгон даашинз түүний хурц характерыг тодотгож, тайзан дээр од мэт гялалзаж харагдана. “Зул сарын үдэш” тоглолтыг морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж удирдсан бөгөөд Зангад гавьяатын дуулж байсан “Сүлд модны наадам” дууг дуулж тоглолтоо өндөрлүүлсэн нь хүн бүрийн шинэ жилийн дурсамжийг сэрээсэн сайхан шийдэл байлаа. Сүүлийн үед хүмүүс шинэ жил гэхээр л байгууллагаараа ууж, идэх жишиг тогтоод байх шиг. Шинэ жилийн уур амьсгалтай сонгодог урлагийн тоглолт үзэж сэтгэлээ цэнгүүлэх нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй санагдав. Цас, мөсөн гялтаганасан шөнийн гудамжаар хосууд аль нэг дуурийн хэсгээс аялан, хөгшчүүд залуу насаа дурсан, Ө.Уянгын дууг сэтгэл зүрхэндээ эгшиглүүлэн харцандаа гэгээ цацруулсаар харьсан биз ээ.

Top