Хавдартай хүмүүс сэтгэл зүйн хувьд биднээс илүү хүчтэй...

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

-Дэлхий дахинд хавдрыг архаг өвчин хэмээн хүлээн авч, өвчтөнүүд эдгэрч байна. Манай улсын эмч нар ч тэднийг бүрэн эмчлэхийг хичээдэг-

Манай улсад хавдартай нүүр тулан тэмцэж буй 19 мянган иргэн бий. Тэднээс 270 гаруй нь Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Өмнө нь зөвхөн хүүхдэд зориулсан шинэ жилийн арга хэмжээ болж байсан бол энэ удаад тус төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авч байгаа бүх хүнд зориулаад шинэ жилийг угтсан тусгай арга хэмжээ зохион байгууллаа. ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв буюу дугуй зааланд 200 орчим хүнийг хамруулан урлагийн тоглолт, урам өгөх лекц, тусгайлан зориулсан бэлгийг гардуулж өглөө. Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Чамтай хамт баймаар байна” дуугаа дуулж урт насалж, удаан жаргахыг ерөөсөн бол МУГЖ Г.Хонгорзул “Үлэмжийн чанар”, “Дөрвөн цагийн тал” зэрэг дуугаа дуулж, сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байхыг сануулсан юм. Цаашлаад морин хуурч, ардын дуулаач, поп дуучид сайхан үгтэй аялгуулаг дуунуудыг эгшиглүүлж, ягаан даашинзтай үзэсгэлэнтэй эмэгтэй ид шидийн талаар сонирхолтой лекц танилцууллаа. Түүний хэлснээр бүх хүн ид шидтэн. Гагцхүү ид шидтэн гэдэгтээ итгэх хэрэгтэй гэнэ. “Сайхан үг хэлж, сайхан бодол бодож байх ёстой. Сайхан бодол биелдэг бол эсрэг бодол хүч чадлыг тань сулруулдаг” хэмээх нь илтгэлийн гол сэдэв байлаа. Үзэгчид дундаас тайзан дээр гаргаад сайхан үгийн биелэлтийг үйл хөдлөлөөр харуулснаар тоглолт ид дундаа оров. Хөвсгөл аймгийн Рашаант сумын малчин Д.Энхтуяа хөхний хавдрын хагалгаанд орсноос хойш хоёр жил ХСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Эмчийн хяналтад гурваас зургаан сарын дараа үе үе хот руу орж ирдэг тэрбээр гэнэтийн шинэ жилийн үйл ажиллагаатай таарч, оролцсондоо их л баяртай явна. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцлаа.
 


Д.Энхтуяа: Хавдартай гэдгээ мэдээд эмнэлэг дотор уйлаад гүйж явлаа

-Хавдар гэдгийг би дуулаа ч үгүй байлаа шүү дээ. Миний ээж гэхэд л 80 хүрсэн ч эрүүл саруул сайхан хөгшин байдаг. Одоо би эдгэж, эрүүл болсон. Өвдөх зовиур алга. Намайг ийм сайхан болгосон ХСҮТ-ийн бүх хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье. Урт удаан наслаарай. Амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм шүү. Хамгийн гол нь эмчийнхээ үгэнд сайн орж, заавар зөвлөгөөг нь чин үнэнчээр дагаарай. Өөр зүйлд битгий итгээрэй.

Н.Эрдэнэцэцэг: Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол үзлэгт хамрагдаарай

-Хавдрын хагалгаанд ороод удаагүй байгаа Н.Эрдэнэцэцэг “Зургаадугаар сараас хойш эмчилгээ хийлгэж байна. Одоо шинжилгээний хариунд үндэслээд эмчилгээний хэлбэрүүд өөрчлөгдөх байх. Цаг хугацаандаа ирж эмчлүүлэх хэрэгтэй юм байна. Мөн урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол эмчид үзүүлэх, шинжилгээ оношилгоонд хамрагдах хэрэгтэй юм байна шүү” гэлээ.

Эрч хүч, эерэг хандлагын нөлөөллийг нийгэмд бий болгох зорилгоор байгуулагдаад жил болж буй “Motivation” гэх салбар салбарын залуусын нэгдсэн клуб дээрх шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тэд арга хэмжээг сюрприз байлгах зорилгоор хэвтэн эмчлүүлэгчид хэлээгүй байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 16-ныхаа өглөө л тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст “Шинэ жилийн баяр болно” гэдгийг дуулгажээ. Иймээс өмнөх шөнө нь “Motivation” клубийнхэн чимээгүй ирж заалаа чимэглэжээ. Заалыг төрөл бүрийн хэлбэртэй гэрлэн чимэглэлээр түлхүү чимэглэсэн нь сэтгэлд гэгээ төрүүлмээр. Энэ тухайгаа “Залуусын сайхан сэтгэл ингэж гэрэлтэж байгаа юм шүү” хэмээн клубийг үүсгэн байгуулагч Н.Болор-Эрдэнэ хэлж байна. Тэрбээр “Клубийн гишүүд нэгдээд эмнэлгээсээ гарч шинэ жилээ тэмдэглэх боломжгүй байгаа хүмүүстээ хамт шинэ жил тэмдэглэх санаачилга гаргасан. Төрөл бүрийн бэлгийн дээжийг тусгайлан зориулж цуглуулсан юм. Дуучид ч гэсэн дэмжиж байгаад баяртай байна” гэлээ. Түүнчлэн баярын арга хэмжээний үеэр 200 мянган төгрөгийн шатахуун авах эрхийг Баянхонгор аймгийн нэгэн иргэнд гардуулсан юм.

 

ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛСНЭЭР БҮРМӨСӨН ЭМЧИЛДЭГ БОЛНО
 

ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-д хавдраар оношлогдсон бүх хүн ирж үйлчлүүлдэг. Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хавдрууд түгээмэл зонхилдог. Энэ байдал нь сүүлийн 20-25 жилд өөрчлөгдөөгүй. Яг хэвэндээ байна. Харамсалтай нь, 20 гаруй жилийн өмнө ч гэсэн ихэнх хавдар хожуу оношлогдож байсан бол одоо ч нөхцөл байдал хэвээр байна. Эдгээр нөхцөл байдлаа бодитоор нь хүлээж авч, ойлгоод эрт илрүүлж, урьдчилан сэргийлдэг болох зорилгыг нэн түрүүнд тавих ёстой. Улмаар зорилго, зорилт руугаа чиглэсэн томоохон үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Энэ оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд “21 аймаг, есөн дүүрэгт хавдрыг эрт илрүүлдэг нэгж байгуулах тухай” батлагдлаа. Эдгээр нэгждээ улсын төсвөөс хөрөнгийг нь гаргаад мэргэжилтнүүдийг нь сургалтад хамруулах заалтуудыг ч орууллаа. Энэ бол олон жилд хийгээгүй байсан том өөрчлөлт. Ингэснээр хавдрыг эрт илрүүлдэг болж, эрт илрүүлснээрээ бүрмөсөн эмчилдэг болно. Барууны хөгжилтэй орнуудад хорт хавдрын оноштой ч гэсэн амь насаа алдах хэмжээнд хүрэхгүй байна. Энэ хөгжлийн түвшинд бид ойртлоо” гэсэн юм. Хавдар өвчний эмчилгээнд мэргэжлийн сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтнуудын хамтарсан баг иргэдэд цогц үйлчилгээг үзүүлэхийг зорьж байгаа аж. Зорилтынхоо хүрээнд сэтгэлзүйн шинэ танхимаа удахгүй нээх гэнэ. Энэ талаар нийгмийн ажилтан Я.Ариунболороос тодруулахад “Хүнд өвчний үед ч гэсэн амьдрал үргэлжилсээр байдаг. Тиймээс баяр баясал ч үргэлжлэх ёстой. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд дэмжих бүлэг, өөртөө тусгах бүлгүүдийг зохион байгуулах ажлуудыг санаачилж, бүлгийн болон ганцаарчилсан сургалт, зөвлөгөөг өгч байна. Хавдартай хүмүүс сэтгэл зүйн хувьд биднээс илүү хүчтэй байдаг. Өвчинтэй нүүр тулгарч, тэмцэх хүчийг гаргана гэдэг нь өрөвдмөөр, хүнд гэхээс илүү хүчирхэг байгаагийн илрэл. Хавдрыг архаг өвчин гэж хүлээж авдаг дэлхий нийтийн хандлага байдаг. Өөрөөр хэлбэл, хавдар бол урт хугацаанд эмчилгээ шаардлагатай өвчин. Тухайлсан нөхцөлд эмнэлэгт хандах давтамж нь бусад архаг өвчнөөс илүү гэх мэт онцлогтой гэж хүлээж авах нь илүү тохиромжтой” гэж хэллээ. Тэгэхээр 19 мянган хавдартай иргэний 30 гаруй хувийг нь хавдар оношлогдсоноос хойш тав ба түүнээс дээш жил амьдарч байгаа буюу “эдгэсэн” гэж үздэг байна. Харин 6000 гаруй хүнд нь хавдар хэзээ нэгэн цагт оношлогдож байсан. Гэхдээ эмчлүүлээд хавдрын хяналтаас гараад ажлаа хийж амьдарч байгаа хүмүүс багтдаг ажээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top