УВС: Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Монгол Улсад атар газрыг эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярыг Улаангом хотноо тэмдэглэлээ.  Баярын үйл ажиллагаанд бүтэн жарны туршид газар тариалангийн салбарт ажиллаж, нутгийн зон олныг хүнсний бүтээгдэхүүнээр хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж буй үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилчдын 200 гаруй төлөөлөл оролцон төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, баярын хурал, урлаг, спортын арга хэмжээг зохион байгууллаа.  

Увс аймгийн ажилсаг, хөдөлмөрч тариаланчид сүүлийн 20 жил аваагүй ургац хураан авч, үр тарианы салбарт сэргэлтийн үе эхэлж байна. 1993 онд 27.9 мянган тонн үр тариа хураан авч байсан бол 26 жилийн дараа Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоор 26.2 мянган тонн үр тариа буюу аймгийн хэрэгцээний гурил, гурилан бүтээгдэхүүнийг 100 гаруй хувиар хангах хэмжээний ургац хураан авлаа. Хүнс ногооны үйлдвэрлэлд 38 иргэн аж ахуйн нэгж улсын хэмжээний хүнсний ногооны үрийн хэрэгцээний 95 хувийг хангаж байна. Жимс, жимсгэнэ эрхлэгчид энэ жил 669.6 га талбайд тариалалт хийж 950 тонн ургац хураан авсан арвин их ололт амжилтаар түүхт ойг угтаж байна.

Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан гавьяат агрономичоор 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6, Атарчдын алдар медалиар 100 хүн тус тус шагнагдсаныг баярын хурлын үеэр гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top