Афганистанд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр 50.64 хувийн санал авсан Ашраф Гани тус улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож байна. Түүний гол өрсөлдөгч Афганистаны Ерөнхий сайд Абдулла Абдулла 39.52 хувийн санал авчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ оны есдүгээр сарын 28-нд болсон ч Абдуллаг дэмжигчид сонгуулийн дүнд будлиан орсон хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал цуглаан явуулсны улмаас албан ёсны дүнг өнөөг хүртэл зарлаагүй юм.
Абдулла Абдулла Афганистаны Дээд шүүхэд хандахаар төлөвлөж байгаа тул санал хураалтын дүнг одоогоор албан ёсны гэж үзэхгүй байна. Абдулла түүнд өгсөн 300 мянган саналыг луйвардсан гэж үзэж байгаа юм. Өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Абдулла Ашраф Ганийг ялсан хэдий ч хоёрдугаар шатанд ялагдсан юм. Тухайн үед сонгуультай холбоотой маргаан мөн л удааширч, тус улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэж байсан билээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон санал хураалтын дараахан хоёр нэр дэвшигч ялсан тухайгаа тус тус зарласан. Сонгуулийн дүнг аравдугаар сард зарлахаар төлөвлөж байсан ч техникийн шалтгаан болон жагсаалын улмаас хойшлуулсан юм. Энэ удаагийн санал хураалтын ирц 2001 онд талибуудын дэглэмийг унагааснаас хойш хамгийн доод үзүүлэлттэй байв. Санал хураалтад хоёр сая хүрэхгүй сонгогчид саналаа өгчээ. 37 сая хүн амтай Афганистан улсад санал өгөх эрхтэй 9.6 сая иргэн байдаг. Эдгээрээс нэг сая орчим сонгогч янз бүрийн зөрчил, техникийн шалтгаанаар санал өгч чадаагүй аж. Сонгуулиас өмнө талибууд санал хураах байр руу халдана хэмээн заналхийлсэн нь сонгогчдын идэвхэд мөн нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )