Афганистан улс АНУ-д байгалийн баялгийн салбартаа хөрөнгө оруулах санал тавьжээ. Ингэснээр тус улс өөрийнх нь эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлуулах, царцаасан активуудаа чөлөөхийг зорьж байна гэж “Financial Times” сонин Афганистаны гадаад хэргийн сайд Амир Хан Муттакийн хэлснийг эш татан мэдээлжээ.
Хоёр улсын харилцааны талаарх асуултад хариулахдаа Муттаки Афганистан нь ашигт малтмал, дэд бүтэц, хөдөө аж ахуй, худалдаа зэрэг салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна. Хоёр улсын харилцааг 20 жилийн дайны өнцгөөс бус харин хамтын ажиллагааны ирээдүйг харах учиртай гэж Муттаки онцолсон байна. Түүний ярьснаар, Афганистан эдийн засгийн нээлттэй бодлого явуулж байна. Геологийн судалгаанаас үзвэл, Афганистан нь нэг их наяд ам.доллароор үнэлэгдэх байгалийн баялагтай. Тэр дундаа зэс, төмрийн хүдэр, алт, лити зэрэг ашигт малтмалын томоохон ордуудтай.
Афганистан улс сүүлийн жилүүдэд дипломат тусгаарлалтаас аажмаар гарч буйг тус сонин дурджээ. 2025 оны долоодугаар сард ОХУ албан ёсоор тус улсыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон. Бусад улс орнууд одоогоор талибуудын засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Кабулд өөрсдийн элчин сайдаа томилж, Афганистаны дипломатуудыг хүлээн авч байгаа билээ. Өдгөө Афганистаны элчин сайдын яамд БНХАУ, АНЭУ, Катар, Энэтхэг, Туркмен, Узбекистан зэрэг улсуудад ажиллаж байна. АНУ, Европын Холбоо талибуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоохоос зайлсхийж байгаа юм.
Афганистаны Төв банкны мэдээллээр, Афганистаны нийт 9.5 тэрбум ам.долларын актив гаднын улс орнуудад байгаагаас АНУ-д долоон тэрбум ам.долларын актив царцаагдаад байна. “Нэг ч хүн, нэг ч засгийн газар Афганистаны ард түмний активыг улс төрийн дарамт үзүүлэх зорилгоор ашиглах эрхгүй” гэж Муттаки онцлоод царцаасан активуудаа чөлөөлөхөөр холбогдох яриа хэлэлцээг хийж буйг дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )