Талархлын өдрөөр Трамп Афганистан дахь цэргүүдээ эргэжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Донналд Трамп Талархлын өдөр буюу пүрэв гарагт Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ. 2001 оноос хойш анх удаа тус улсад хийж буй АНУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзалт хийжээ.

Цагаан ордны тэргүүн уг уулзалтын дараа талибуудтай энхийн гэрээ байгуулах тал дээр ажиллаж байна гээд АНУ-ын цэргүүдээ гаргаж эхэлсэн сүүлийн зургаан сарын хугацаанд энэ чиглэлээр ихээхэн дэвшилд хүрсэн гэж онцолжээ.

Гани Америкчуудад “ихээхэн золиос” гаргасанд талархал илэрхийлээд Трампын бүрэн эрхийн хугацаанд Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн тоо буурсан гэжээ. “Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн хяналтыг авч буйг Гани дурдсан байна.

Ерөнхийлөгч Трамп Афганистанд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүдийн тоог таван мянгаар бууруулж 8600 хүргэнэ гэдгээ дахин нотолжээ. Одоогийн байдлаар тус улсад АНУ-ын 13 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Тэрбээр АНУ-ын цэргийн баазад зочилж, цэргүүдтэй Талархлын өдрийн зоог барьж, дурсгалын гэрэл зураг татуулжээ.

Энэ оны эхээр АНУ талибуудтай Афганистанаас цэргээ гаргах, аюулгүй байдлын баталгаа өгөх тохиролцоонд хүрсэн. Гэвч өнгөрсөн есдүгээр сард Афганистанд гарсан халдлагын үеэр АНУ-ын цэрэг алагдсантай холбогдуулан Трамп энхийн хэлэлцээг төгссөн хэмээгээд талибуудтай Вашингтон хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалсан юм.

Тэрбээр пүрэв гарагт Афганистаны дайныг тулааны талбарт шийдэхгүй, бүс нутгийн иргэд өөрсдөө улс төрийн замаар шийдвэрлэх ёстой хэмээн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top