Катар улсад АНУ, Афганистаны “Талибан” хөдөлгөөн өчигдөр /2020.02.29/ энхийн хэлэлцээр байгууллаа.
Баримт бичигт АНУ-ын Афганистаны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Залмай Халилзад, талибуудын улс төрийн тэргүүн мулла Абдул Гани Барадар нар гарын үсэг зуржээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд 30 гаруй улс орны төлөөлөгчид байлцав.
Энхийн хэлэлцээрт зааснаар Вашингтон Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн бие бүрэлдэхүүнийг 135 хоногийн дотор 12 мянгаас 8.6 мянга хүртэл цөөлөх бөгөөд талибууд хүчирхийллээс түдгэлзэж чадвал АНУ болон НАТО 14 сарын туршид өөрийн цэргүүдийг гаргах юм. “Талибан” хөдөлгөөн үүний хариуд Афганистаны газар нутгийг АНУ болон бусад улсын эсрэг хийх дайралтад ашиглахаас татгалзах үүрэг хүлээжээ. Түүнчлэн, талууд Афган хоорондын яриа хэлэлцээний хүрээнд “Талибан” хөдөлгөөн, Афганистаны Засгийн газрын хооронд шууд хэлэлцээ эхлүүлэх тухай тохиролцоонд хүрчээ. Үүний сацуу, “Талибан” хөдөлгөөн гишүүдээ хориг арга хэмжээний жагсаалтаас гаргах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хамтарч ажиллахаар болжээ. Энэ арга хэмжээ ирэх тавдугаар сарын сүүлээр хэрэгжинэ гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Мөнхнаран ээж фесбүүк бүлгэмд нэгдэж ойрх дорнодод энхтайван тогтооя
Талибануудыг дарж чадсангүй дээ баахан хүн үхээд ямар хэрэг байна аа манайхаас хол байгаа нь яамай даа.