Талибууд Ираны хилчидтэй мөргөлдөж, хилийн шалган нэвтрүүлэх цэгийг эзлэн авсан талаар Афганистаны “Aamaj News” агентлаг мэдээлжээ.
“Талибан” хөдөлгөөнийхөн Ирантай хиллэх хил дээрх “Дост-Мохаммад” болон “Бала Сиа Чешман” шалган нэвтрүүлэх цэгийг эзэлсэн гэсэн мэдээллийг Ираны Tasnim агентлаг үгүйсгэж, худал мэдээлэл гэсэн байна.
Афганистаны Нимроз мужийн ойролцоо болсон талибууд болон Ираны хилчдийн хоорондын хурц мөргөлдөөн үл ойлголцлоос болсон гэж Tasnim агентлаг мэдээлжээ.
Мэдээлэл өгсөн түшмэлийн хэлснээр нийтэд тарсан зургууд нь мөргөлдөөн эхлэх үеийн зураг бөгөөд одоо хурцадмал байдал намжсан байна.
“Талибан” хөдөлгөөнийхөн болон Ираны хилчдийн мөргөлдөөн хэдэн цагийн турш үргэлжилсэн талаар Афганистаны түр Засгийн газрын Соёл, мэдээллийн сайд Билал Карими мэдэгджээ. Мөргөлдөөнөөр хүний амь эрсдээгүй байна.
Зөрчилдөөний талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.
Сэтгэгдэл ( 0 )