Талибууд эмэгтэйчүүдэд дээд боловсрол эзэмшихийг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Талибууд Афганистаны эмэгтэйчүүдэд их, дээд сургуулиудад суралцахыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

Өнгөрсөн онд талибууд охидод дунд сургуульд суралцахыг хориглож байсан билээ. Гурван сарын өмнө тус улсад их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт болж, олон мянган охин шалгалт өгсөн ч тэдний суралцах чиглэл, мэргэжилд хатуу хязгаарлалт тавьжээ. Тухайлбал, охид, бүсгүйчүүдэд малын эмч, инженер, эдийн засаг, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцахыг хориглосон бол сэтгүүл зүйн чиглэлийг хатуу хориглосон байна.

Арваннэгдүгээр сард Кабул хотын эмэгтэй оршин суугчдад үндэсний хүрээлэн, усан сан, спортын төвүүдэд орохыг мөн хориглосон. Талибуудын үзэж буйгаар, энэ нь шариатын хуулийг зөрчиж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт 12 хүн, тэр дундаа гурван эмэгтэйг ёс зүйн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд олны өмнө ташуурдан, шийтгэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top