Афганистанд өнгөрсөн ням гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 800 гарч, 2800 орчим хүн гэмтэж бэртжээ. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Газар хөдлөлтийн голомт бүртгэгдсэн Кунар мужид харилцаа холбооны сүлжээ тасалдаж, зарим газарт хүрэх боломжгүй байгаа тул хохирлын талаарх нарийн мэдээлэл хараахан ирээгүй байна. Аврагчид алслагдсан тосгодод хүрэхээр ажиллаж байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гурван тосгон бүрэн сүйрчээ. Хүнд бэртэл авсан хүмүүсийг нисдэг тэргээр эмнэлгүүдэд хүргэж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй нислэгээр олон зуун хүнийг гамшгийн бүсээс гаргажээ. Аврах ажиллагаанд цэргүүд болон сайн дурынхан оролцож байна.
Одоогоор Арабын Нэгдсэн Эмирт Улс аврагчдадаа илгээгээд байгаа бөгөөд ОХУ хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдээлжээ. Их Британи, БНХАУ, Энэтхэг, Швейцар зэрэг орнууд болон НҮБ хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Газар хөдлөлтөөс өмнө үүссэн хөрсний гулгалт болон үерийн улмаас зарим газарт зөвхөн агаараар хүрэх боломжтой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )