Талибууд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэх хүсэлт тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22


“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид НҮБ-д хандан Ерөнхий ассамблейн өндөр түвшний долоо хоногийн үеэр үг хэлэх хүсэлт тавьж, Махаммад Сахаил Шахиныг тус байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилуулахаар илгээсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдээлснээр, энэ сарын 20-нд НҮБ-ын тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганд оролцох хүсэлт бүхий Афганистаны Исламын Эмирт Улс гэж хаягласан захидал авчээ.

Захидалд энэ оны наймдугаар сарын 15-наас Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаасаа огцорсон тухай мэдэгдэж, Афганистаны байнгын төлөөлөгч тус улсыг төлөөлөхгүй болсон тул Мохаммад Сохаил Шахины нэрийг НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр дэвшүүлсэн тухай дурджээ.

Афганистаныг НҮБ-д өмнөх Засгийн газраас томилсон төлөөлөгч эсвэл “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч төлөөлөх эсэх асуудлыг Итгэмжлэх хороо шийдэх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгджээ. Тус хороонд АНУ, ОХУ, БНХАУ болон дэлхийн бүх тив, бүс нутгийг төлөөлсөн зургаан орон ордог байна. Тус хороо тухайн орныг НҮБ-д төлөөлөх байнгын төлөөлөгчид нэр дэвшигчийн асуудлыг шийдэж, өндөр түвшний долоо хоногт оролцох төлөөлөгчдийг итгэмжилдэг дүрэмтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top