Нетаньяхуг үг хэлэх үеэр ихэнх төлөөлөгчид НҮБ-ын ЕА-н танхимыг орхин гарав

Я.Болор | Zindaa.mn
5 минутын өмнө

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий санал шүүмжлэлд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг үг хэлэхээр индэрт гарах үеэр 50 гаруй орны 100 төлөөлөгч эсэргүүцэн танхимыг орхин гарчээ.

Нетаньяху Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн улс орнуудыг хатуу шүүмжлэв. “Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн орнуудын удирдагчид палестинчуудад ямар дохио өгөв? Еврейчүүдийг хөнөөж болно гэсэн тодорхой дохио юм” гэж Нетаньяху мэдэгджээ.

Пүрэв гарагт Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы төлөөлөгчдөд цахимаар хандан үг хэлэхдээ, Палестины үндэсний засаг захиргаа 1988 онд Израилын оршин тогтнох эрхийг хүлээн зөвшөөрч, 1993 дахин баталсан. Газын зурвас үй олноор хомроглон устгах дайн, сүйрэл, өлсгөлөнд нэрвэгдсэн хоёр жилийг туулж буйг тэрбээр онцлов.

Махмуд Аббас Палестины төрийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд болон Палестины ард түмнийг дэмжин дэлхий даяар жагсаал өрнүүлсэн хүмүүс болон байгууллагуудад талархал илэрхийлжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей үүнээс өмнө Палестины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, “Хоёр улс” төлөвлөгөөг хэрэгжүүлэх Нью Йоркийн тунхагийг дэмжсэн тогтоол баталсан билээ. Хамгийн сүүлд Австрали, Их Британи, Канад, Франц, Португал зэрэг орнууд Палестин улсыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Одоогоор НҮБ-ын 150 гаруй гишүүн орон Палестиныг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top