Талибууд Панжшир мужийг бүрэн эзэллээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Афганистаны Панжшир муж талибуудын бүрэн хяналтад орлоо гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгджээ. Үндэсний эсэргүүцлийн фронтын сүүлчийн түшиц газар болсон Панжшир муж Исламын эмиратын /талибуудын улс төрийн систем/ бүрэн хяналтад орлоо гэж Мужахид өөрийн твиттертээ жиргэжээ.

Түүний мэдээлснээр, зарим босогчид тулаанд ялагдал хүлээсэн бол бусад нь зугтсан байна. Талибууд Панжшир мужийн оршин суугчдыг хавчин шахахгүй гэж мэдэгджээ.
Панжшир хөндийд талибуудын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан Үндэсний эсэргүүцлийн фронтын тэргүүн Ахмад Масуд энхийн яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж мэдэгдэн талибуудыг дайралтаа зогсоохыг уриалжээ.

Үндэсний эсэргүүцлийн фронтын мэдээлснээр, тус фронтын хэвлэлийн төлөөлөгч Фахим Дашти, командлагч, генерал Абдул Вудод Зара мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн бол Талибан хөдөлгөөний нэрт генерал, 13 бие хамгаалагчийн хамт амиа алджээ.

Энэ үеэр Кабул хотноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс талибуудын тэргүүн нартай уулзалт хийж, энгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, охид болон цөөнхийг хамгаалахыг уриалсан байна.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, талибуудын удирдагчид энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн ажилтнуудад чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийхэд нь баталгаа өгчээ. НҮБ-ын мэдээллээр, Афганистаны хүн амын тал хувь нь буюу 18 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа аж.

Энэ оны наймдугаар сарын эхээр “Талибан” хөдөлгөөн Афганистаны засгийн газрын хүчний эсрэг дайралтаа идэвхжүүлж, мөн сарын 15-нд нийслэл Кабул хотод орж, ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн бол 16-нд Афганистан дахь дайн дууссан тухай зарласан билээ.

Наймдугаар сарын 31-нд АНУ-ын сүүлийн цэргүүд Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za buraad l(202.55.191.130) 2021 оны 09 сарын 06

orosiin medeegeer tiim zvils boloogui bna. baildaj l bnaa..

0  |  0
tur (139.5.218.54) 2021 оны 09 сарын 06

Hudlaa batlgdaagui medee tavhaa bolio

1  |  0
Top