Афганистанаас АНУ-ын 80 иргэн гарч чадахгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

АНУ-ын 80 орчим иргэн нүүлгэн шилжүүлэх тусгай нислэг байхгүй учир Афганистанаас гарч чадахгүй байна гэж CNN агентлаг мэдээлжээ.

Тэд тус улсаас гарах хүсэлт гаргасан ч талибууд тусгай үүргийн онгоцыг нэг сарын турш нисгэхгүй байгаа аж. Агаарын харилцааг хэзээ сэргээх нь одоогоор тодорхойгүй байна гэж тус агентлаг онцолжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс өнгөрсөн намраас эхлэн тус улс нийт 900 орчим иргэнээ Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн тухай өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн. Тэрбээр мөн олон арван иргэн нь Афганистанаас гарах хүсэлт тавьсан ч АНУ-ын эрх баригчид яг хэзээ тусгай нислэг үйлдэх тухай дурдаагүй байна.

2021 оны хавар АНУ цэргээ Афганистанаас гаргах болсон тухай мэдэгдсэний дараа “Талибан” хөдөлгөөн тус улсад хяналтаа тогтоох зорилгоор өргөн хүрээний ажиллагаа явуулсан билээ. 2021 оны наймдугаар сарын 15-нд талибууд Кабулд орж, есдүгээр сарын 7-нд түр засгийн газар байгуулсан тухай зарласан. Олон жил үргэлжилж буй мөргөлдөөний улмаас тус улсын эдийн засгийн байдал хүндрээд байна. НҮБ-ын мэдээллээр, Афганистаны хүн амын /22.8 сая/ талаас дээш хувь нь хүнсний хямралд нэрвэгдэх эрсдэлтэй тулгараад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top