ТОСК 200 тэрбумын өртэй, МИК 60 тэрбумын ашигтай ажилладаг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

-Энэ байдал даамжирсаар барилгын салбар, арилжааны банкуудаа хүндрэл рүү чирж, цаашлаад эдийн засгаа хөмрүүлэх эрсдэлтэй-

Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац гэж иргэдээ хямд, тохилог орон сууцаар хангах үүрэг бүхий төсвөөс санхүүждэг хоёрын хоёр байгууллага төрийн мэдэлд бий. Нэрнээсээ л төрөөс иргэдээ орон сууцжуулах бодлогыг гардан гүйцэтгүүлэхээр байгуулсан болох нь ойлгогдоно. Гэвч амьдрал дээр тэдний үүргийг Монголын ипотекийн корпорац гэх арилжааны банк төвтэй компани гүйцэтгэж байгаа. Гүйцэтгэхдээ төсвөөс санхүүжиж, түүнийгээ арилжааны банкуудаар эргэлдүүлэн халаасаа зузаатгадаг санхүүгийн систем нэвтрүүлсэн нь өнөөдөр дөрвөн их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын орон сууц санхүүжүүлэх бодлогыг нэр бүхий арилжааны банк төрийн дөрвөн их наяд төгрөгөөр түгжин атгачихсан. Харин бодлого тодорхойлон хэрэгжүүлэх учиртай төр өөрөө ахуйн ажилд оройлон оролцоод байгаа юм. Тиймээс энэ хоёрын байрыг солих ёстой. Ингэхийн тулд хувийн хэвшлийн корпорац болон төрийн мэдлийн корпорацын хоёрын үүрэг оролцоог зайлшгүй эргэн харах шаардлага тулгарна.

Өнөөдөр биш юм бол маргааш ийм шаардлага ирнэ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын нэгдсэн чуулган дээр хөндсөн удаа бий.
 
Тэрбээр “Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 жил боллоо. Энэ 30 жилд банкууд их баяжсан. Бүх иргэд зээлийн барьцаанд орсон. Малчдын мал хүртэл банкны барьцаанд байна. Ийм байдлаар бид 30 жил явж ирлээ. Үүнийг яах вэ. Банкууд баяжаад Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хүртэл худалдаж авсан. Монголын ипотекийн корпорац гэж том байгууллага байна. Жилд 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 60 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Цаад эзэд нь банкууд. Удирдлагын зардал нь жилд 24 тэрбум төгрөг байна. Гэвч иргэд ипотекийн зээлийг бууруулахыг хүсэж байна” хэмээн мэдэгдээд байгаа. Салбарын сайдын мэдэгдлээс Монголын ипотекийн корпорац гэж ямархуу нөлөө бүхий компани болох нь харагдана.

МИК-ыг анх 2006 онд арил­жааны 10 банк, Монголбанкны оролцоотойгоор байгуулсан байдаг. Анх байгуулагдахдаа Анод, Голомт, Капитал, Капитрон, Монгол шуудан банк, ХААН, Хас, Зоос, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны оролцоотой байжээ. Өнөөдөр тэдгээрийн дөрөв нь дампуурч, өөрчлөн байгуулагдсан. Ингэхдээ МИК дахь банкуудын эзэмшлийн хувь хэмжээ ч өөрчлөгдөж ирлээ. Эцэст нь арилжааны нөлөө бүхий нэг банк төвтэй болж байгааг энд дурдах хэрэгтэй. МИК-ын цаад эздийг нь хөөвөл, монголчуудын өнгөрсөн гурван жилийн турш нэрийг нь сонссон, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд эзэн суусан гэгддэг Д.Эрдэнэбилэг, түүнийг тойрон хүрээлэгчидтэй холбогдоно. “МИК Холдинг” хувьцаат компанийн өнгөрсөн хагас жилийн тайланд дурдсанаар нийт 191 хувьцаа эзэмшигчтэй юм байна. Компанийн нийт хувьцааны 19.27 хувийг төрийн өмчит байгууллагууд, 80.6 хувийг аж ахуй нэгж байгууллагууд буюу арилжааны банкууд, үлдсэн 0.6 хувийг иргэд эзэмшдэг гэнэ. МИК-ын албан ёсны нэршил болох “МИК холдинг” нэрээрээ 2015 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, олон нийтийн компани болсноо зарласан байдаг. Тухайн үед нэг нэгж хувьцаагаа 12,000 төгрөгөөр санал болгож, хөрөнгө оруулагчдаас 37.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тэгвэл МИК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг харвал, Худалдаа хөгжлийн банктай нэг эзэнтэй Улаанбаатар хотын банк 17.1 хувь,  төрийн мэдлийн Хөгжлийн банк 14.9 хувь, Худалдаа хөгжлийн банк өөрөө 9.9 хувь, “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” гэх компани 9.1 хувь, Худалдаа хөгжлийн банкны өөр нэг охин компани болох "Ти Ди Би капитал" 7.5 хувийн эзэмшилтэй байгаа юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд байгуулагдсан “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” компани МИК дахь Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хувьцааг хэсэгчлэн 31 тэрбум төгрөгөөр худалдаж авснаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалтад орж ирсэн нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлыг татаж байсан удаатай. Үүнээс өмнө МИК долоон том хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Улаанбаатар хотын банк нь хамгийн өндөр буюу 26.13 хувийг эзэмшиж байсан юм. Мөн “Азиа дайверсифайд рийл эстейт фанд нэг хувийн хос” компанийг “Улаанбаатар ассет менежмент” гэдэг үнэт цаасны компани эзэмшдэг болж таарсан. Хувь эзэмшлийн байдлаас нь харвал, Худалдаа хөгжлийн банк орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр дээр голлох үүрэгтэй оролцдог гэсэн үг. Саяхан нэг телевизийн нэвтрүүлгээр Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх яаж, хэнтэй хамтран санаачилж байснаа ярьсан нь ч байгаа. Монголбанк 2013 оноос хойш мөнгө үйлдвэрлэж, Засгийн газар төсвөөс илүүчлэн дөрвөн их наяд төгрөгт хүргэсэн ипотекийн зээл ийм маягаар нэг гарт төвлөрч байна. МИК-ын ТОСК болон НОСК-аас ялгаатай нь барилга барилгын салбарт орж өрсөлдөн цемент шохойтой ноцолдоогүй. Өнгөрсөн хугацаанд төрөөс дээр менежер гэдгээ батлан төсвөөс өгсөн мөнгийг үнэгүйдүүлж, ямар нэг байдлаар алдагдалтай ажиллаагүй. Харин ч бүр ногдол ашиг тараахгүйн тулд гадаадаас хүртэл мөнгө зээлээд амжсан. МИК өнгөрсөн хоёрдугаар сард 300 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” бондыг Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс татсан. Хүү нь жилийн 9.75 хувь бөгөөд гурван жилийн хугацаатай учраас санхүүгийн хэллэгээр дунд хугацаандаа төр энэ компаниас ногдол ашиг хүртэхгүй болсон.

Эднийхний дэргэд төрийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй ТОСК болон НОСК-ууд үнэндээ ичмээр үйл ажиллагаа явуулдаг. Хууль хэрэгждэг бол хариуцсан албан тушаалтнууд нь шударга шүүхийн өмнө очихоор санхүүгийн тайлантай ажиллаж ирсэн. ТОСК Хөгжлийн банканд 200 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хувийн хэвшилтэй өрсөлдөн барьсан орон сууцаа ч дур мэдэн борлуулах эрхгүй болтлоо доройтсон. НОСК нь өнгөрсөн хугацаанд  хийж, бүтээсэн зүйлгүй. Энэ он гарсаар хэдэн хөгшдийг түрээсийн орон сууцанд зуучлахаас өөр ажлын тайлангүй суугаа. Уг нь Төрийн орон сууцны корпорацын эрхэм зорилго нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг явуулахад орших юм билээ. Нийслэлийн орон сууцын корпорацын хувьд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн түрээсийн болон орлогод нийцсэн орон сууцаар хангах гэсэн. Нэг талаар ийм байгууллагуудад ипотекийн зээлд орсон дөрвөн их наяд төгрөгийг захиран зарцуулах эрх олгоогүй нь төрийн мэргэн алсын хараа мэт.  

Нөгөө талаар эхэнд дурдсанчлан ипотекийн зээлийг энэ чигээр нь үргэлжлүүлбэл, даамжирсаар барилгын салбар, арилжааны банкуудаа хүндрэл рүү чирж, цаашлаад эдийн засгаа хөмрүүлэх эрсдэлтэйг Олон улсын валютын сангаас аль 2017 онд анхааруулсан. Учир нь  Монголын төр иргэдээ хямд орон сууцаар хангах гэж байгаа бол шууд л арилжааны банкуудаас зээлийн багцыг нь худалдаж авах боломжтой. Гэвч дунд нь МИК гэх нэг зуучлагч этгээд оруулаад илүү зардал гаргасаар ирсэн байдаг. Монголбанк мөнгө хэвлэж, арилжааны банкинд найман хувийн хүүтэй өгдөг. Тэр эх үүсвэрээр нь арилжааны банкууд Төв банкны үнэт цаасыг 11 хувийн хүүтэй авдаг. Зөвхөн үүнээс Монголбанк олон их наяд төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Хуулиараа Төв банкны алдагдлыг төсвөөс нөхдөг зэрэг асуудлуудыг дурдаж болно. Улмаар Монголын Засгийн газраас ипотекийн хөтөлбөрийг 2019 оныг дуустал Монголбанктай хамтран хэрэгжүүлэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрсэн юм. Тохиролцооны дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газраас улсын төсөвт тусгасан дүнгээр, банкууд өөрийн эх үүсвэрээр хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болж байгаа. Одоогоор журам нь батлагдаж байгаа бөгөөд энэ арга хэмжээ төрийн орон сууцны санхүүжилтийн бодлогод шинэчлэл болж чадахгүй нь ойлгомжтой. Монголбанкнаас оруулдаг байсан мөнгийг улсын төсвөөс гаргахаар санхүүжилтийн системийн хувьд огт өөрчлөлт гарахгүй. Төсөв дээр ирэх ачаалал л нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв төсөв хүндэрвэл, ипотекийн зээл таг зогсоно гэж ойлгож болох нь. Уг нь уул уурхайгаас төвлөрч буй Ирээдүйн өв сангийг хөрөнгийг төрийн мэдлийн корпорацад захируулан ипотекийн зээлийг урт хугацаанд санхүүжүүлэх боломж байгаа. Өнөөдөр 600 тэрбум төгрөгийн хуримтлалтай байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг аль нэг арилжааны банканд алдчихгүйн тулд ашиглаж ч болно. Гэхдээ төрийн мэдлийн корпорацууд сайн менежер байх ёстой. Харин муу менежер байсаар байвал, төрийн орон сууцны бодлого төөрөлдөж, түүний далимаар арилжааны банкууд мөнгө хийсээр байх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (64.119.23.129) 2019 оны 12 сарын 25

Төрий орон сууцны корпораци хэрэггүй байгууллага. Мөнгөний шуналтай хүмүүсийн зохиол бүтээл төдий зүйл.

0  |  0
Зочин(202.55.188.87) 2019 оны 12 сарын 24

Энэ ёстой нэг онц чухал асуудал хѳнджээ. Гэхдээ хандлага нь зѳв биш байна. Ерѳѳсѳѳ тѳр нь ѳѳрѳѳ барилга бариад явж байж болохгүй. Тоск, Носк- шууд татан буулгавал зохино. Ипотекийн зээлийг аль тохиолдолд тѳстѳѳс санхүүжүүлж хэрхэвч болохгүй. Ипотекийн зээлийг хашин ч хязгаарлах ёстой. Зѳвхѳн гадаад зах зээлээс ипотекийн зорилгоор бага хүүтэй бонд босгосон тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн явуулдаг байх нь зүйтэй. Энэ зээл их аюултай. Эдийн засгаа ч доош нь татна, иргэдийг ч эрсдэлд оруулна.

0  |  0
Top